Эхлэл

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


Бүлэг 33

Иаковыг хараагаа өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд,
2 шивэгчид болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг сүүлд нь оруулав.
3 Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есав уруугаа дөхөж очиход,
4 Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав.
5 Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад,—Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков—Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.
6 Тэгэхэд зарц бүсгүйчүүд нь хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв.
7 Леа ч бас хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Дараа нь Иосеф Рахелтай хамт хүрч ирээд сөгдөн мөргөв.
8 Есав—Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков—Эзэн таны хайр ерөөлийг хүртэх гэсэн юм гэж хэлэв.
9 Есав—Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөртөө байгаа юмаа өөртөө байлга гэв.
10 Иаков—Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ.
11 Бурхан надад нигүүлсэнгүй хандсан, бас миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.
12 Тэгээд Есав—Хөдөлцгөөе! Би чиний өмнө явъя гэв.
13 Иаков түүнд—Хүүхдүүд минь сул дорой, мал сүрэг маань нялх төлтэй. Хэрэв нэг өдөр ширүүн туувал мал сүрэг бүгдээрээ үхнэ гэдгийг эзэн та мэдэх буй заа.
14 Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв.
15 Есав—Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков—Яах юм бэ? Эзэн та намайг таалалдаа багтаагаач гэв.
16 Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав.
17 Тэгээд Иаков Суккотод очоод, тэнд өөртөө байшин, малдаа саравч барьсан учир тэр газрыг Суккот хэмээн нэрлэх болжээ.
18 Иаков Паддан-арамаас Канаан нутгийн Шехем хотод амар тайван хүрч ирээд, хотын өмнө талд майхнаа барив.
19 Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор худалдан авч,
20 тэндээ тахилын ширээ босгож, түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.