Египетээс Гарсан Нь

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40


Бүлэг 36

Ариун газрын бүтцийн бүх ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб болон ур дүйтэй хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэх болно гэв.
2 Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭНий ур чадвар өгсөн ур дүйтэй хүн болгоныг зүрх нь хөдөлсөн хүн бүрийг Мосе үүнийг гүйцэтгэх ажилд дуудав.
3 Тэгээд ариун газрын бүтцийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа.
4 Ариун газрын бүх ажлыг хийж байсан бүх урчууд тус бүр хийж байсан ажлаасаа ирцгээж,
5 Мосед—Биднийг хийгтүн гэж ЭЗЭН тушаасан босголтын ажилд хангалттай хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв.
6 Тиймээс Мосе зарлиг гаргаж, хуаран даяар—Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт зориулж юу ч бүү хийтүгэй гэсэн тунхаг явуулав. Ийнхүү ард түмэн илүү ихийг нэмж авчрахаа болив.
7 Учир нь тэдэнд байсан материал нь хангалттай байсан ба бүх ажлыг дуусгахад шаардагдах хэмжээнээс ч илүү их байв.
8 Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ.
9 Бүрээс нэг бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээснүүд ижил хэмжээтэй байв.
10 Тэр таван бүрээсийг нэг нэгтэй нь холбоод, нөгөө таван бүрээсийг нэг нэгтэй нь холбов.
11 Эхний хэсгийн гадна талын бүрээсийн захад хөх өнгийн гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсэнд мөн үүнчлэн хийлээ.
12 Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоог, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоо хийв. Гогцоонууд бие биенийхээ харалдаа байв.
13 Тэгээд тэр тавин алтан гархи хийж, бүрээснүүдийг хооронд нь гархинуудаар холбосон тул асар нь нэг болов.
14 Мөн асрын дээгүүрх майханд зориулан тэрээр ямааны хялгасаар бүрээснүүд хийв. Тэр нийтдээ арван нэгэн бүрээс хийсэн байлаа.
15 Бүрээс нэг бүрийн урт нь гучин тохой, өргөн нь дөрвөн тохой байсан ба арван нэгэн бүрээс бүгд ижил хэмжээтэй байв.
16 Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов.
17 Цаашилбал, тэр эхний хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийв.
18 Майхныг нэг болгон хамтад нь холбохын тулд тэрээр тавин хүрэл гархи хийжээ.
19 Майхны бүтээлгийг тэрээр улаанаар будсан хуцын арьсаар хийж, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив.
20 Тэгээд тэр асрын дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв.
21 Дүнз тус бүрийн урт нь арван тохой, өргөн нь нэг тохой хагас байв.
22 Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байсан ба асрын бүх дүнзийг тэрээр тэгж хийв.
23 Тэр асрын дүнзнүүдийг хийв. Өмнөд талд хорин дүнз байлаа.
24 Хорин дүнзний доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний доорх хоёр углууранд нь зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзний доорх хоёр углуургад зориулж хоёр углуур хийв.
25 Тэгээд асрын хоёр дахь талд буюу хойд талд нь тэр хорин дүнз хийжээ.
26 Мөн тэдгээрийн дөчин мөнгөн углуур, хоёрыг нь нэг дүнзний доор, хоёрыг нь нөгөө дүнзний доор хийв.
27 Асрын ар тал буюу баруун талд нь тэр зургаан дүнз хийжээ.
28 Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв.
29 Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байлаа. Ийнхүү хоёр буланд тэр хоёуланд нь тэгж үйлдэв.
30 Арван зургаан мөнгөн углууртай найман дүнз байсан ба дүнз тус бүрийн доор хоёр углуур байв.
31 Дараа нь тэр хуайс модоор хөндлөвч мод хийж, тавыг нь асрын нэг талын дүнзнүүдэд зориулж хийв.
32 Таван хөндлөвч модыг асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулж хийн, мөн таван хөндлөвч модыг баруун тал буюу ар талд асрын дүнзнүүдэд зориулж хийв.
33 Тэр голын хөндлөвч модыг дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүрэхээр хийв.
34 Тэгээд тэр дүнзнүүдээ алтаар бүрээд, хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийв. Хөндлөвч моддыг алтаар бүрэв.
35 Цаашаа тэр хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүнийг тэр уран хүний урлал болох херубуудын хамт хийв.
36 Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд тэдгээрийг алтаар бүрж, мөн дэгээнүүдийг нь алтаар хийв. Багануудад зориулан дөрвөн мөнгөн углуурыг цутгав.
37 Тэр майхны үүдэнд зориулж хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар дэлгэц хийв. Эдгээрийг нэхмэлчид хийжээ.
38 Мөн тэрээр түүний таван багануудыг дэгээнүүдтэй нь хамт хийж, тэдгээрийн оройнуудыг нь болон холбоосуудыг нь алтаар бүрэв. Харин таван углуур нь хүрлээр бүтээгджээ.