Левит

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27


Бүлэг 1

1 1. ЭЗЭН хурлын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдан—
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэл. “Та нарын хэн нэгэн нь ЭЗЭНд өргөлийг авчрахдаа амьтдын тахилаа бод эсвэл бог малын сүргээсээ авчир.
3 Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.
4 Тэр хүний төлөө, өмнөөс нь энэ нь хүлээн авагдаж эвлэрүүлэхийн тулд тэр хүн гараа шатаалт тахилын толгой дээр тавина.
5 Тэр хүн ЭЗЭНий өмнө залуу бух нядалж, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь дээш өргөн, хурлын майхны үүдэн дэх тахилын ширээ уруу тойруулан цацна.
6 Дараа нь шатаалт тахилыг тэр өвчиж, түүнийг огтолж эвдэнэ.
7 Тахилч Аароны хөвгүүд, тахилын ширээн дээр гал өрдөж, гал дээр мод өрнө.
8 Тэгээд тахилч нар болох Аароны хөвгүүд нь хэсгүүд, толгой, гадар өөхийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрнө.
9 Харин тэр түүний гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаах ёстой. Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаалт тахил болгон шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
10 Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой.
11 Тэр түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлаад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.
12 Тэгээд тэр түүнийг толгой, гадар өөхнийх нь хамт огтлон эвдээд, тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр өрөх ажгуу.
13 Гэхдээ тэр гэдэс дотрыг нь, мөчүүдийг нь усаар угаах ёстой. Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
14 Харин хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл нь шувуудын шатаалт тахил байх аваас тэр нь хүүрзгэнэ, эсвэл залуу тагтааг өөрийн тахил болгон авчрах ёстой.
15 Тахилч түүнийг нь тахилын ширээнд авчирч, толгойг нь мушгин аваад түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулах бөгөөд цусыг нь тахилын ширээний хажуу уруу гоожуулна.
16 Тэр бас түүний хөеөг өднийх нь хамт авч тахилын ширээний хажууд, зүүн тийш үнс уруу хая.
17 Тэгээд түүний далавчийг нь бүрэн салгалгүйгээр цуул. Тахилч түүнийг тахилын ширээн дээр буй гал дээрх түлээн дээр шатаан уугиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.