Рут

Бүлэг: 1 2 3 4


Бүлэг 2

1 1. Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Елимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв.
2 Моаб эмэгтэй Рут Наомид—Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд—Охин минь, яв! гэж хэлэв.
3 Тийнхүү тэр явж, тариа хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Тэрээр санаандгүй Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр ирчихсэн ажээ.
4 Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад—ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд—ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав.
5 Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа—Энэ хэний бүсгүй вэ? гэв.
6 Тариа хадагчдыг хариуцсан зарц—Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм.
7 Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэж хэлээд ийнхүү ирээд, өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэрт түр зуур л сууж байна гэв.
8 Тэгээд Боаз Рутад—Охин минь, анхааралтай сонс. Түрүүг түүх гэж өөр тариан талбай уруу бүү яв. Эндээс битгий яв. Харин эндээ миний шивэгчидтэй үлд.
9 Чи тэдний хадах талбайг харж, араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгасан уснаас уу! гэв.
10 Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд—Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.
11 Боаз хариулж, түүнд—Нөхрийгөө нас барсны дараа чиний хадам эхдээ хийсэн бүгдийг, мөн хэрхэн эцэг эх хийгээд төрсөн нутгаа орхин, урьдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чинь надад бүрэн мэдэгдсэн.
12 ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин дор чи хоргодох газар хайн иржээ гэв.
13 Тэгэхэд тэр—Хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэй ч эн зэрэгцэхгүй боловч та намайг тайтгаруулж, шивэгчин надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж өгүүлэв.
14 Хоолны цагт Боаз түүнд—Нааш ирж, талхнаас идэн, талхаа цуунд дүрэгтүн гэсэнд тэрээр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад, заримыг нь үлдээв.
15 Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боаз зарц нартаа тушаан ийн өгүүлэв.—Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Түүнийг бүү доромжлоорой!
16 Мөн түүнд зориулан боодлуудаас зориуд хэсэг түрүүг сугалан, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв.
17 Ингээд тэрээр үдэш болтол тариан талбайд хаягдсан түрүүг түүв. Дараа нь тэр түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов.
18 Тэр түүнийг авч, хот уруу явж, хадам эх нь түүний түүснийг нь харав. Тэр мөн идэж цадаад үлдээсэн зүйлээ гаргаж хадам эхдээ өгөв.
19 Хадам эх нь түүнд—Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг ажигласан тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнтэй ажилласан тухайгаа хадам эхдээ ярьж,—Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн өгүүлэв.
20 Наоми бэрдээ—ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсдоггүй гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин—Тэр хүн бол бидэнд ойрын хүн бөгөөд бас өвийг золин авах эрх бүхий бидний хамаатны нэгэн юм гэв.
21 Тэгтэл Моаб эмэгтэй Рут—Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг хурааж дуусах хүртэл тэдний хажуугаас бүү холдогтун” гэж надад хэлсэн гэв.
22 Наоми өөрийн бэр Рутад—Охин минь, тэр хүний шивэгчидтэй хамт гарах нь сайн юм. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд хор учруулах вий гэв.
23 Тийнхүү тэрээр арвай болон буудай хураалтыг дуустал хаягдсан түрүүг түүхийн тулд Боазын шивэгчдийн дэргэдээс холдсонгүй. Тэгээд тэр хадам эхтэйгээ хамт амьдрав.