Шастирын Дээд

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29


Бүлэг 20

Дараа нь хаадын дайнд мордох цагт буюу хавар Иоаб цэргээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн газрыг сүйрүүлэн, ирж Раббаг бүслэн авав. Гэвч Давид Иерусалимд үлджээ. Иоаб Раббаг цохин устгав.
2 Давид тэдний хааны толгойноос алтан титмийг нь авчээ. Тэр титэм нэг алтан талант жинтэй бөгөөд эрдэнийн чулуу шигтгэгдсэнийг Давид олж мэдэв. Түүнийг Давидын тэргүүн дээр тавьжээ. Давид тэр хотоос маш их хэмжээний олз омог авчрав.
3 Тэр хотод байсан хүмүүсийг ч олзлон авчирч, иртэй хөрөө багаж сүх хэрэглэх ажилд дайчилжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид ийнхүү үйлдэв. Дараа нь Давид болон бүх хүн Иерусалим уруу буцаж ирэв.
4 Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайтаж эхэлжээ. Тэгэхэд аварга биетнүүдийн үр удмын нэг Сиппаиг хушат хүн Сиббекаи алсанд, филистчүүд бууж өгөв.
5 Дахин филистчүүдтэй дайтах үе гарч, Иаирын хүү Елканан нь гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв.
6 Гатад дахин дайн болох үед нэгэн үлэмж аварга хүн байсан бөгөөд түүний гар, хөлийн хуруунууд нь тус тус зургаа, нийт хорин дөрвөн хуруутай байжээ. Энэ хүн ч аварга биетнүүдийн үр удмын нэг байсан билээ.
7 Тэрээр Израилийг доромжлоход, Давидын ах Шимеагийн хүү Ионатан түүнийг алав.
8 Эдгээр нь Гат дахь аварга биетнүүдийн үр удмууд байсан бөгөөд тэд Давидын гарт болон түүний боолуудын гарт унацгаасан юм.