Шастирын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 36

Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв.
2 Иоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ.
3 Дараа нь Египетийн хаан Иерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, газар нутагт нь зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ногдуулав.
4 Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин дүү Иоахазыг нь Неко аваад Египетэд аваачив.
5 Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн билээ.
6 Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.
7 Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачаад, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.
8 Иехоиакимын бусад үйлс, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юмс, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ.
9 Иехоиахин хаан болохдоо найман настай байж, Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.
10 Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг Вавилон уруу авчирч ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.
11 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав.
12 Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн юм. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм.
13 Небухаднезар хаан Зедекиаг Бурханы нэрээр тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, хүзүүгээ ч хатуу болгон, зүрхээ хатууруулж, Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэсэнгүй.
14 Цаашилбал, тахилч нарын бүх түшмэд болон ард түмэн үндэстнүүдийн бүх бузар юмсыг даган маш итгэлгүй байв. Иерусалимд ариусгасан ЭЗЭНий өргөөг тэд бузарлажээ.
15 Тэдний эцэг өвгөдийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болон Өөрийн орших газрыг энэрсэн билээ.
16 Гэвч ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм.
17 Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.
18 Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.
19 Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.
20 Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүнд болон хөвгүүдэд нь боолууд болцгоосон байв.
21 Тэр газар нутаг хоосролынхоо бүх өдрүүдэд амралтын жилээ эдэлж, далан жил гүйцтэл амралтын өдрийг сахисан. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд болой.
22 Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ
23 “Персийн хаан Кореш ингэж айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалуудыг өгч, Иуда дахь Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг Тэр томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” хэмээсэн болой.