Хаггаи

Бүлэг: 1 2


Бүлэг 1

1 1. Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын эхний өдөр ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ирж, айлдсан нь—
2 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ ард түмэн «Цаг нь болоогүй. ЭЗЭНий өргөөг барих цаг нь ч болоогүй» гэдэг”.
3 Тэгээд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан ирж айлдсан нь—
4 Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү?
5 Иймээс одоо, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.—Өөрсдийн зам мөрөө хянагтун!
6 Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.
7 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.—Өөрсдийн зам мөрөө хянагтун!
8 Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна.—
9 Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түмэн цэргийн ЭЗЭН тунхаглах нь—Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.
10 Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон.
11 Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.
12 Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагасан. Ард түмэн ЭЗЭНээс эмээв.
13 Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан—“Би та нартай хамт байдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.
14 Ингээд ЭЗЭН Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сэтгэлийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сэтгэлийг ба үлдсэн бүх ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд ирж, өөрсдийн Бурхан түмэн цэргийн ЭЗЭНий өргөөн дээр ажилласан.
15 Энэ нь Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.