Лук

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 24

Харин долоо хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булш уруу ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.
2 Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад,
3 дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.
4 Үзэгтүн, тийнхүү тэднийг тэвдэн мэгдэж байтал, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа.
5 Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?
6 Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.
7 Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ.
8 Тэд Түүний үгийг санаад,
9 булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ.
10 Тэд бол Магдалын Мариа, Иоханна, Иаковын эх Мариа нар байсан бөгөөд мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд элч нарт энэ тухай хэлж байлаа.
11 Хэлсэн үгс нь тэдэнд солиотой мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа.
12 Харин Петр босон булш уруу гүйв. Зогсоод дотогш харахад зөвхөн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцав.
13 Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ.
14 Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв.
15 Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав.
16 Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй.
17 Есүс тэдэнд—Та нар бие биетэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа.
18 Тэдний нэг Клеоп гэгч нь Түүнд—Энэ өдрүүдэд Та Иерусалимд түр байхдаа тэнд болсон явдлын тухай ганцаараа мэдээгүй өнгөрсөн хэрэг үү? гэхэд
19 Тэр тэдэнд—Ямар зүйлс? гэв. Тэгтэл тэд Түүнд—Назарын Есүсийн тухай юм. Тэр бол Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг болон үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм.
20 Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж, Түүнийг цовдолсон.
21 Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо.
22 Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булш уруу очоод,
23 Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярив.
24 Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд
25 Есүс—Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ!
26 Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв.
27 Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.
28 Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв.
29 Тэд Түүнийг ятган—Бидэнтэй хамт байгаач. Хэдийн нар хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров.
30 Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв.
31 Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ.
32 Тэд нэг нэгэндээ—Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,
33 тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад,
34 тэдний—Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод,
35 замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.
36 Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд—Амар амгалан нь та нарт байх болтугай гэв.
37 Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ.
38 Есүс тэдэнд—Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ?
39 Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв.
40 Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.
41 Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс—Та нарт идэх юм байна уу? гэж асуухад
42 тэд хайрсан загас Түүнд өгөв.
43 Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.
44 Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав.—Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд
45 Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв.
46 Есүс тэдэнд хандаж—“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно.
47 Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.
48 Энэ бүхний гэрч бол та нар мөн.
49 Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.
50 Тэгээд Тэр тэднийг Бетан хүртэл дагуулан явлаа. Есүс мутраа өргөн тэднийг ерөөв.
51 Тийнхүү ерөөж байхдаа Тэр тэднээс салж, тэнгэр өөд оджээ.
52 Тэд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав.
53 Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.