Үйлс

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 1

Теофил оо, би эхнийхээ номд Есүс юу үйлдэж, зааж эхэлснээс авахуулан
2 Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ.
3 Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв.
4 Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний “Та нар Надаас сонссоны дагуу,
5 Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.
6 Тэгээд цуглагсад Түүнээс—Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд
7 Тэр тэдэнд—Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.
8 Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.
9 Тэр ийнхүү айлдсаны дараа тэднийг харж байхад нь дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй болов.
10 Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод,
11 хэлсэн нь—Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв.
12 Тэгээд тэд Иерусалимаас холгүй байх Чидун уулаас Иерусалим уруу буцав. Тэр уул нь Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай ажээ.
13 Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон, мөн Иаковын Иуда нар болой.
14 Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.
15 Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цугласан байв),—
16 Ах дүү нар аа, Есүсийг баривчилсан хүмүүсийг газарчлан ирсэн Иудагийн тухайд Ариун Сүнс Давидын амаар урьдаас хэлсэн тэрхүү Судар биелэгдэх ёстой байв.
17 Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа.
18 (Тэр хүн хорон үйлийнхээ төлөөсөнд авсан газар түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж гэдэс дотроо цувуулжээ.
19 Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст Талбай хэмээн нэрлэжээ).
20 Энэ нь Дуулал номд“Түүний орон гэр нь эзгүйрч,Хэн ч түүнд нь бүү орогног” гээд,“Үүргийг нь өөр нэгэн гүйцэтгэг”гэж бичигджээ.
21 Иймээс бидний дунд Эзэн Есүс амьдарч байх үеийн туршид бидний хамт дагалдаж явсан,
22 Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдөр хүртэл бидэнтэй байсан эрчүүдээс нэг нь бидний хамт Түүний амилалтын гэрчлэгч болох хэрэгтэй байна гэв.
23 Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф болон Маттиа хэмээх хоёр эрийг урагш гарган,
24 залбирч—Бүх хүмүүсийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач.
25 Өөрийнхөө газар уруу очихын тулд үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудагийн үүргийг хэн хаших вэ? хэмээгээд,
26 тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд, шавга нь Маттиа дээр бууж, тэр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.