Ефес

1 2 3 4 5 6


Бүлэг 1

Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би [Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит, ариун хүмүүст илгээв.
2 Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.
4 Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа
5 Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.
6 Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.
7 Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.
8 Тэр бидэнд бүх мэргэн ухаан болон гүнзгий мэдлэг дотор тэрхүү нигүүлслээ бялхаажээ.
9 Тэр Түүний дотор зорилго тавьж, Өөрийнхөө сайн тааллын дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв.
10 Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.
11 Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм.
12 Ингэснээр Христэд анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм.
13 Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв.
14 Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.
15 Тиймээс би ч бас Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүмүүсийн төлөө гэсэн хайрыг чинь сонсоод,
16 өөрийн залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархал өргөдгөө болихгүй.
17 Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж,
18 [Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг,
19 мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай! Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ.
20 Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрт Өөрийн баруун гарт залж,
21 бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхол төдийгүй зөвхөн энэ үед ч биш мөн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч эрхэм болгожээ.
22 Бурхан бүх юмсыг Түүнд захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ.
23 Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал нь мөн.