Филиппой

1 2 3 4


Бүлэг 2

Тиймээс хэрэв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрэв хайрын тайвшрал байгаа бол, хэрэв Сүнсний нөхөрлөл байгаа бол, энэрэнгүй болоод өрөвчхөн сэтгэл байгаа бол,
2 адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгдэн, нэгэн бодолтой байж, намайг гүйцэд баярлуул.
3 Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж,
4 хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар.
5 Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай.
6 Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй,
7 харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.
8 Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов.
9 Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов.
10 Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж,
11 мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.
12 Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн.
13 Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм.
14 Бүхнийг гоморхолгүйгээр, маргалгүйгээр хийцгээ.
15 Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй Бурханы хүүхдүүд гэдгээ батлах юм.
16 Амийн үгээс баттай баригтун. Тэгвэл би дэмий ажиллаагүй, дэмий гүйгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно.
17 Хэрэв би та нарын итгэлийн үйлчлэл ба тахил дээр ундаан өргөл болон асгагдаж байгаа ч баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана.
18 Түүнчлэн та нар ч баярлаж, баяр хөөрөө надтай хуваалцаарай.
19 Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл та нарын байдлын талаар сонсоод, би бас урам зоригтой байх болно.
20 Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга.
21 Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг.
22 Харин Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг та нар мэднэ.
23 Тиймээс миний байдал надад илэрхий болмогц даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна.
24 Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна.
25 Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгтэй үед минь надад үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь хэрэгтэй гэж би бодлоо.
26 Тэр та бүгдийн хүслэн болсон байв. Түүнийг өвчтэй байна гэж та нар сонссон тул тэр шаналсан.
27 Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж мөн намайг ч бас өршөөв.
28 Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бас бага санаа зовнихын тулд би түүнийг яаран илгээлээ.
29 Тиймээс түүнийг Эзэн дотор их баяр хөөртэйгөөр хүлээн ав. Түүн шиг хүмүүсийг хүндлээрэй.
30 Яагаад гэвэл тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон очсон билээ.