1 Тимот

Бүлэг: 1 2 3 4 5 6


Бүлэг 2

1 1. Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархлаа өргөхийг юуны өмнө чамд чухалчлан зөвлөж байна.
2 Хаадын төлөө, дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрах болно.
3 Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай.
4 Тэрээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг.
5 Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ.
6 Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн. Гэрчлэл нь өөрийнхөө зохистой цагт өгөгдөв.
7 Үүний төлөө би тунхаглагч ба элчээр, (Би үнэнээр хэлж байна. Худлаа яриагүй байна) итгэл хийгээд үнэн дотор харь үндэстнүүдийн багшаар томилогдсон билээ.
8 Иймд би эрчүүдийг уур хилэнгүй, маргалдалгүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг.
9 Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,
10 харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн.
11 Эмэгтэй хүн дуугүй байн, бүрэн дуулгавартайгаар суралц.
12 Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байхыг зөвшөөрдөг.
13 Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ.
14 Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэм буруу дотор унасан юм.
15 Гэвч хэрэв эмэгтэйчүүд итгэл, хайр дотор ба зохистой байн ариусал дотор цаашид байх аваас эмэгтэй нь хүүхэд төрүүлэхээрээ аврагдана.