Иошуа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 1

1 1. ЭЗЭНий зарц Мосег нас барсны дараа, Мосегийн туслах Нуны хүү Иошуатай ЭЗЭН ярин, айлдсан нь—
2 Миний зарц Мосе нас барав. Тэгэхээр одоо босож, энэ бүх хүмүүсийн хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар уруу яв.
3 Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу чамд өгсөн билээ.
4 Та нарын газар нутаг бол цөл ба энэ Ливанаас их мөрөн Евфрат хүртэл, хитчүүдийн бүх нутаг болох наран жаргах зүгийн Их Тэнгис хүртэл байх болно.
5 Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй.
6 Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.
7 Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.
8 Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно.
9 Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун гэв.
10 Ингээд Иошуа ард олны захирагчдад тушаан хэлсэн нь—
11 Хуаран дундуур явж, ард олонд “Өөрсдийн хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” хэмээн хэл гэв.
12 Харин Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд Иошуа хэлсэн нь—
13 ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амралтыг өгч байгаа бөгөөд энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.
14 Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг дайчид ах дүү нарынхаа өмнө тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр гатлан явна.
15 ЭЗЭН та нарыг амраасантай адил ах дүүсийг тань амраатал, мөн тэд бас та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг эзэмших хүртэл та нар тэдэнд туслах ёстой. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.
16 Тэд Иошуад хариулан хэлсэн нь—Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно.
17 Бид Мосег бүх юманд дагаж байсан шигээ, таныг мөн дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.
18 Тушаалыг тань эсэргүүцэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.