Езра

1 2 3 4 5 6 7 8 9 10


Бүлэг 5

Эш үзүүлэгчид болон эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалим дахь иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд
2 Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав.
3 Тэр үед Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж,—Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээж дуусгах зарлиг өгсөн юм бэ? гэцгээв.
4 Тэгэхэд бид тэр дагуу тэдэнд уг барилгыг дахин босгож байсан хүмүүсийн нэрсийг хэлэв.
5 Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай бичгээр хариу иртэл тэд тэднийг зогсоосонгүй.
6 Энэ бол Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон Евфрат мөрний тэртээд байсан түүний хамтрагчид болох албан хаагчдаас Дариус хаанд илгээсэн захидлын хуулбар юм.
7 Тэд түүнд дараах зүйлийг бичсэн мэдээллийг илгээжээ. “Дариус хаанд, бүх амар амгаланг айлтгая.
8 Бид Иуда мужид, агуу Бурханы өргөө уруу очсон ба түүнийг том чулуугаар барьж, хэрмүүдийг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш болгоомжтой явуулж байгаа болон тэдний гарт амжилттай явагдаж байгаа гэдгийг хаан мэдтүгэй!
9 Тэгээд бид тэдгээр ахмадуудаас нь асууж, тэдэнд «Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээн дуусгах зарлиг өгсөн юм бэ?» гэж хэлэв.
10 Бид мөн танд мэдэгдэж, тэднийг тэргүүлж буй хүмүүсийн нэрсийг бичиж авахын тулд тэднээс нэрсийг нь асуув.
11 Тэд бидэнд ийн хариулав. «Бид бол тэнгэр, газрын Бурханы зарц нар бөгөөд Израилийн агуу хааны босгож гүйцээсэн, олон жилийн өмнө баригдсан сүмийг дахин барьж байна.
12 Гэвч бидний эцэг өвгөд тэнгэрийн Бурханы уур хилэнг өдөөсөн учир Тэр тэднийг Халдеи болох Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн ба тэр энэ сүмийг сүйтгэж, ард түмнийг Вавилон уруу хөөсөн юм.
13 Харин Вавилоны хаан Корешийн эхний жилд Бурханы энэ өргөөг дахин барих зарлигийг Кореш хаан гаргасан билээ.
14 Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч Вавилоны сүмд аваачсан, Бурханы өргөөний алтан, мөнгөн сав суулгуудыг Кореш хаан Вавилоны сүмээс авч, өөрөө захирагчаар томилсон Шешбазар хэмээгч нэгэнд тэдгээрийг өгсөн болно.
15 Тэр түүнд ”Эдгээр сав суулгуудыг авч, яваад Иерусалим дахь сүмд хадгалуулан, Бурханы өргөөг байранд нь дахин бариул!” гэсэн.
16 Тэгээд Шешбазар ирж, Иерусалимд Бурханы өргөөний суурийг тавив. Тэр үеэс эхлэн одоог хүртэл энэ нь баригдсаар байгаа бөгөөд хараахан дуусаагүй байна».
17 Одоо, хэрэв үүнийг хаан таалбал, Вавилон дахь хааны эрдэнэсийн санд судалгаа явуулж, Иерусалим дахь Бурханы энэ өргөөг дахин бариулахаар Кореш хаанаас гаргасан зарлиг байгаа эсэхийг хайж үзээд, энэ асуудлын талаар хаан өөрийн шийдвэрээ бидэнд илгээгтүн” хэмээв.