Езра

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10


Бүлэг 7

Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксын хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сериа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү,
2 Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү,
3 Ахитуб нь Амариагийн хүү, Амариа нь Азариагийн хүү, Азариа нь Мераиотын хүү,
4 Мераиот нь Зерахиагийн хүү, Зехариа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү,
5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.
6 Энэ Езра бол Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. Түүний Бурхан ЭЗЭНий мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.
7 Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долоо дахь онд Иерусалим уруу явцгаав.
8 Тэрээр хааны долоо дахь жилийн тавдугаар сард Иерусалимд ирэв.
9 Тэрээр нэгдүгээр сарын нэгэнд Вавилоноос гарч эхлээд, түүний Бурханы сайн мутар түүний дээр байсан учир тавдугаар сарын нэгэнд Иерусалимд иржээ.
10 Учир нь Езра ЭЗЭНий хуулийг сурч, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний дүрэм, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.
11 ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксын зарлигийн хуулбар нь энэ юм.
12 “Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан болтугай! Одоо
13 Миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар болон левичүүд чамтай хамт явж болно хэмээн би зарлиг гаргав.
14 Чи өөрийн гарт буй, Бурханыхаа хуулийн дагуу Иерусалим болон Иудагийн талаар асуухаар хаан ба түүний долоон зөвлөгчөөс томилогдон, илгээгдэж буй болохоор,
15 бас Иерусалимд оршихуй нь буй Израилийн Бурханд хаан болон түүний зөвлөх нарын сайн дураар өргөсөн мөнгө, алтыг,
16 Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас
17 энэ мөнгөөр чи бухнууд, хуцууд болон хургануудыг хичээнгүйлэн худалдан авч, тэднийг идээн өргөл болон ундаан өргөлтэй нь хамт Иерусалим дахь Бурханыхаа өргөөний тахилын ширээн дээр өргө!
18 Чамд болон ах дүү нарт чинь үлдсэн алт, мөнгөөр юу нь сайн хэмээн санагдана, чи Бурханыхаа хүслийн дагуу хийгтүн!
19 Бас чиний Бурханы өргөөний үйчлэлд зориулан чамд өгсөн сав суулгыг Иерусалимын Бурханы өмнө бүрэн бүтнээр нь хүргэ!
20 Бурханы өргөөний төлөө үлдсэн хэрэгцээг хангах хэрэг чамд гарвал тэдгээрийг хааны эрдэнэсийн сангаас ханга!
21 Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх мужуудын бүх жасын нярав нарт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой.
22 Зуун мөнгөн талант, зуун кор улаан буудай, зуун бат дарс, зуун бат тос, мөн давсыг хэрэгтэй хэмжээгээр өг!
23 Тэнгэрийн Бурхан юуг тушаасан, тэр нь хаан болон хааны хөвгүүдийн хаанчлалын эсрэг хилэн төрүүлэхгүйн тулд тэнгэрийн Бурханы өргөөнд зориулан хичээл зүтгэлтэйгээр үйлдэгдэг.
24 Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним, эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч татвар, алба гувчуур, хураамж ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна.
25 Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх мужийн бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчдийг болон түшмэдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг.
26 Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэн боловч алах, эсвэл цөлөх, эсвэл эд хөрөнгийг нь хураах, эсвэл шоронд хорих ч бай, тэр хүн хатуу яллагдаг”.
27 Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг чимэглэхээр энэ мэт зүйлийг хааны зүрхэнд оруулсан бидний эцэг дээдсийн Бурхан, ЭЗЭН магтагдах болтугай.
28 Учир нь Тэр хаан болон хааны зөвлөхүүдийн өмнө, хааны бүх хүчирхэг ноёдын өмнө над уруу хайр энэрлээ сунгасан. Ийнхүү миний дээрх миний Бурхан ЭЗЭНий мутраар би хүчирхэгжиж, Израилийн удирдах хүмүүсийг өөртэйгөө хамт явуулахаар би цуглуулав.