Исаиа
Бүлэг 10
Шударга бус тогтоолыг тогтоож,зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа!
2 Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж,Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг.Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон,өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.
3 Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ?Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ?Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?
4 Олзлогсдын дунд бөхийн,алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй.Энэ бүхнээс үл хамааран,Түүний уур хилэн эргэхгүй,Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.
5 Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа!Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм.
6 Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг,Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж,дээрэмдсэн зүйлийг олзлон,тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.
7 Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй,зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч,олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм.
8 Учир нь тэр ингэж хэлж байна.“Миний ноёд бүгдээрээ хаад биш үү?
9 Кално нь Кархемиш шиг,Хамат нь Арпад шиг,Самари нь Дамаск шиг биш үү?
10 Миний мутар нь шүтээнүүдийн хаанчлалуудад хүрсний адил,(тэдний сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу)
11 Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээИерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?”
12 Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.
13 Учир нь тэр “Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн.Учир нь би ухаантай.Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн,тэдний эд баялгийг дээрэмдэн,хүчит хүний адилаар сэнтийд залрагчдыг түлхэн унагав.
14 Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч,орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав.Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга”.
15 Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу?Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү?Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм,эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.
16 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж,сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.
17 Израилийн гэрэл нь гал,түүний Ариун Нэгэн нь дөл болж,түүний үүргэнэ,өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана.
18 Тэр түүний шигүү ойн сүр жавхлан,үр жимст цэцэрлэгбүгдийг нь устгана.Өвчтэй хүн доройтдогийн адил болно.
19 Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.
20 Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна.
21 Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан уруу эргэнэ.
22 Израиль аа,чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловчтэдний дундах үлдэгсэд л эргэнэ.Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.
23 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх нутгийн голд хэрэгжүүлнэ.
24 Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав.—Сионд оршдог Миний ард түмэн! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.
25 Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ.
26 Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана.
27 Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж, буулга нь эвдэрнэ.
28 Тэр Аиатад ирж,Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.
29 Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв.Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.
30 Галлимын охид оо.Бүх дуугаараа чанга хашхирцгаа!Анхаарагтун, Лаиша.Хөөрхийлөлтэй Анатот оо!
31 Мадмена зугтаж,Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.
32 Тэр өнөөдөр Нобт буудаллан,Сионы охины уул,Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.
33 Харагтун,түмэн цэргийн БУРХАН Эзэн бүх хүчээрээ модны мөчрийг тас цавчина.Хэмжээгээр өндөр нь цавчигдана,ихэмсэг хүмүүс басамжлагдана.
34 Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг цавчиж,Хүчит Нэгэний өмнө Ливан унана.