Исаиа
Бүлэг 62
Үнэн зөв нь гэрэл гэгээ мэт,аврал нь шатаж буй бамбар мэт ирэх хүртэлСионы төлөө Би дуугүй байхгүй,Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.
2 Үндэстнүүд чиний үнэн зөвийг,бүх хаад чиний алдрыг үзнэ.ЭЗЭНий ам хайрласан шинэ нэрээр чамайг нэрлэнэ.
3 Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм,өөрийн Бурханы мутар дахь цэцгэн хэлхээ болно.
4 Үүнээс хойш чамайг “Мартагдсан” хэмээн,чиний газрыг “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй.Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд,чиний газрыг “Гэрлэсэн” гэж нэрлэнэ.Учир нь ЭЗЭН чамд баярлан,чиний газар гэрлэх болно.
5 Учир нь залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг чиний хөвгүүд чамтай гэрлэнэ.Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг чиний Бурхан чамд баярлана.
6 Иерусалим аа,Би чиний хэрмэн дээр манаач нарыг тавив.Тэд бүх л өдөржин,бүх л шөнөжин хэзээ ч дуугаа хураахгүй.ЭЗЭНийг дурсагч аа, бүү амрагтун.
7 Тэр Иерусалимыг босгож,байгуулж газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.
8 ЭЗЭН Өөрийн баруун мутар,хүчит гараараа тангараглав.“Би чиний үр тариаг дахин хэзээ ч дайснуудад чинь хоол болгон өгөхгүй.Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг харийн хөвгүүд уухгүй.
9 Харин үр тариа хураагчид нь түүнийг идэж, ЭЗЭНийг магтана.Усан үзмийг хураагчид нь үүнийг Миний ариун газрын хашаан дотор ууна”.
10 Дааман хаалгаар орцгоо, орцгоо.Хүмүүсийн замыг цэвэрлэ.Зам тавьцгаа, тавьцгаа.Чулууг нь зайлуулагтун.Хүмүүсийн дээр туг босгогтун.
11 Үзэгтүн,ЭЗЭН газрын хязгаар хүртэл тунхаглан“Хөөе. Чиний аврал ирж байна.Үзэгтүн, Түүний шагнал Түүнтэй хамт бөгөөд Түүний сайшаал нь Түүний өмнө байна” гэж Сионы охинд айлдав.
12 Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно.Чи “Хаягдаагүй хот, Эрэлчин” гэж нэрлэгдэнэ.