Исаиа
Бүлэг 23
Тирийн тухай зөн.Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун!Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов.Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
2 Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа, чимээгүй байгтун.Танай элч нар тэнгисийг гатлан,
3 их усан дээр байсан.Тирийн орлого нь Шихорын үр тариа,Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм.
4 Сидон оо, далайн цайзууд аа. Ичигтүн гэж далай хэлнэ.“Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй.Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй” гэж өгүүлэв.
5 Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд гашуудна.
6 Таршишийн хажуугаар өнгөрөгтүн.Эрэг хавьд суугчид аа, уйлагтун.
7 Энэ нь эртний гаралтай,хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн,та нарын наргиант хот уу?
8 Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн,титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ?
9 Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан,дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.
10 Таршишийн охид оо, өөрийнхөө нутгаар Нил мөрөн мэт дайран өнгөр.Тэнд ямар ч боомт алга.
11 Тэр мутраа далайн дээгүүр сунгаж,хаанчлалуудыг донсолгов.ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.
12 Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь.Чи цаашид хөөрөн баясахгүй.Бос, Киприйг дайран өнгөр.Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.
13 Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.
14 Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйлагтун.Учир нь танай бэхлэлт устсан.
15 Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно.
16 «Мартагдсан янхан аа.Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад,хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач».
17 Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалтай садарлах болно.
18 Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.