Шүүгчид

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 19

Израильд хаангүй байх тэр үед нэгэн Леви хүн Ефраимын уулархаг нутгийн буйд газарт нутаглаж байв. Тэр хүн Иудагийн Бетлехемээс өөртөө татвар эм авчээ.
2 Гэтэл түүний татвар эм завхайран самуурч, түүнийг орхин, Иудагийн Бетлехемд буй эцгийнхээ гэрт ирж, тэнд дөрвөн сар суулаа.
3 Дараа нь түүний нөхөр нь босож, түүнийг буцааж авчрахын тулд энхрий зөөлнөөр ярихаар нэг зарцаа авч хоёр илжгээ дагуулан түүний араас явав. Өнөөх эмэгтэй түүнийг эцгийнхээ гэрт дагуулж ороход охины эцэг хүргэнээ хараад, ихэд баярлав.
4 Охины эцэг буюу хадам эцэг нь түүнийг саатуулсаар, тэр хадмындаа гурав хонов. Тэд тэндээ идэж ууж хоноглосон билээ.
5 Дөрөв дэх өдөр нь тэд өглөө эртлэн босож, Леви хүн аянд бэлтгэв. Охины эцэг хүргэндээ—Зүсэм талх идэж, хүчээ сэлбээд дараа нь явагтун гэв.
6 Тэд хамтдаа сууж, хамт идэж ууцгаав. Охины эцэг өнөөх эрд хандан—Нэгэн үдшийг өнгөрөөж, сэтгэлээ хөгжөөгөөч гэлээ.
7 Тэгэхэд өнөөх эр явахаар боссон боловч хадам нь түүнийг дахин нэгэн үдшийг тэнд өнгөрүүлэхээр ихэд ятгасан юм.
8 Тав дахь өдөр нь тэр өглөө эртлэн явахаар боссонд охины эцэг—Хүчээ сэлбэн үд болтол хүлээгээч гэхэд тэд цуг хооллов.
9 Өнөөх эр татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд охины эцэг буюу хадам эцэг нь түүнд—Үзэгтүн, өдөр бараг өнгөрлөө шүү дээ. Шөнийг өнгөрүүлэгтүн. Өдөр дуусаж байна. Энд хонож, сэтгэлээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш өглөө чи эртлэн босоод, гэртээ харьж болно шүү дээ гэв.
10 Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй, босон явж, Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг болон татвар эм нь байлаа.
11 Тэд Иебусын ойролцоо байх үед гэгээ тасрах дөхөж байлаа. Зарц нь эзэндээ—Иебусчуудын энэ хотод орж, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэжээ.
12 Харин эзэн нь түүнд—Израилийн хөвгүүд бус, харь хүмүүсийн хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ.
13 Тэр зарцдаа—Гибеа, эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв.
14 Ингээд тэд цаашлан өнгөрч замаараа явсаар, Бениамины харьяа Гибеад ойртон ирэх үед нар шингэв.
15 Тэд Гибеад нэвтрэн орж, хоноглохоор тийшээ зүглэв. Тэднийг гэртээ хонуулах хүн байсангүй тул тэд хотын задгай талбайд суув.
16 Үдэш нэгэн өвгөн талбай дахь ажлаасаа буун ирж явж байлаа. Энэ хүн Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад амьдардаг байжээ. Харин энэ газрын хүмүүс нь бениаминчууд байлаа.
17 Тэр өвгөн хараагаа дээш өргөн, хотын задгай талбайд байгаа аяны хүмүүсийг хараад—Та нар хаашаа явж байна вэ, мөн хаанаас ирсэн бэ? хэмээн асуув.
18 Өнөөх эр түүнд—Бид Иудагийн Бетлехемээс Ефраимын уулархаг нутгийн буйд газар уруу аялж байгаа юм. Юу гэвэл би тэндхийнх бөгөөд би Иудагийн Бетлехемд очсон билээ. Би одоо өөрийн гэр уруу харьж явна. Харин хэн ч намайг гэртээ оруулдаггүй.
19 Гэвч бидний илжгэнд сүрэл ч, тэжээл ч байна. Бас надад, таны шивэгчинд болон таны зарц нартай хамт яваа залууд ч талх дарс байна. Дутах юм юу ч алга гэж хариулав.
20 Өвгөн—Манайд морилцгоо доо. Бүх хэрэгцээг чинь хангахыг надад зөвшөөрөөч. Харин задгай талбайд шөнийг өнгөрөөж болохгүй гэв.
21 Ингээд тэр түүнийг өөрийн гэртээ дагуулж ирэн, илжгэнд нь өвс тавив. Тэд хөлөө угааж, идэж ууцгаалаа.
22 Тэднийг найрлаж байтал байшинг нь уг хотын хүмүүс болох үл бүтэх этгээдүүд бүслэн, хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд—Танай гэрт ирсэн тэр эрийг гарга. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.
23 Гэрийн эзэн болох өнөөх хүн тэдэн уруу гарч, тэдэнд—Болохгүй, найзууд минь, ийм бузар хэрэг бүү үйлдэгтүн. Энэ хүн миний гэрт ирсэн хойно тийм ичгүүрт хэрэг бүү үйлдэгтүн.
24 Энд миний онгон охин болон тэр хүний татвар эм байна. Би тэднийг гаргая. Та нар тэднийг хүчирхийлж, хүссэн зүйлээ тэдэнд үйлдэгтүн. Харин тэр хүнд тийм ичгүүрт хэргийг бүү үйлдэгтүн гэж хэлэв.
25 Гэвч хүмүүс түүнийг сонссонгүй. Иймээс тэр хүн татвар эмээ барьж, тэдэнд гаргаж өгөв. Тэд түүнийг бүх л шөнөжингөө өглөө болтол хүчирхийлж, доромжилж, үүр цайх үед тэр эмэгтэйг тавив.
26 Үүр цайх үеэр өнөөх эмэгтэй нөгөө хүний гэрийн буюу эзнийхээ байрлаж байсан газрын үүдэнд ирж унаад, гэгээ ортол тэндээ байв.
27 Түүний эзэн нь өглөө босож, байшингийн хаалгыг нээн замаараа цаашаа хөдлөхөөр гадагш гартал, татвар эм нь гараа босгон дээр тавиад гэрийн үүдэнд унасан хэвтэж байв.
28 Тэр түүнд—Бос, явцгаая гэсэнд хариу дуугарсангүй. Тэгээд эмэгтэйг илжгэн дээр тавив. Тэр хүн босож, гэр өөдөө явав.
29 Тэр гэртээ ороод хутга авч, татвар эмийнхээ цогцсыг авч мөч мөчөөр нь арван хоёр хэсэг болгон хувааж, Израилийн нутаг дэвсгэр даяар илгээв.
30 Үүнийг үзсэн бүгд—Израилийн хөвгүүд Египет газраас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй билээ. Үүнийг сайтар тунгаан бодож, зөвлөн хэлтүгэй гэлцэв.