Шүүгчид

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 20

Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.
2 Бүх ард түмний удирдагч буюу Израилийн бүх овгуудын удирдагчид Бурханы хүмүүсийн буюу илд агссан дөрвөн зуун мянган дайчдын чуулганд байраа эзлэв.
3 (Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов.) Израилийн хөвгүүд—Энэ зэрлэг балмад үйлдэл хэрхэн болсныг бидэнд өчигтүн? хэмээн асуулаа.
4 Алагдсан эмэгтэйн нөхөр болох Леви хүн хариулан хэлсэн нь—Би татвар эмийнхээ хамт Бениамины Гибеад шөнийг өнгөрөөхөөр ирсэн билээ.
5 Гэтэл Гибеагийн эрчүүд миний эсрэг босоцгоож, надаас болж шөнөөр байшинг бүсэлсэн билээ. Тэд намайг алахаар төлөвлөсөн боловч оронд нь миний татвар эмийг хүчирхийлсэнд тэр үхсэн.
6 Би татвар эмээ авч, цогцсыг нь хэсэглэн хуваагаад, Израилийн өв болох бүх газруудаар илгээв. Учир нь бениаминчууд Израильд ийм бузар ичгүүрт хэргийг үйлдсэн юм.
7 Үзэгтүн, та нар бүгд Израилийн хөвгүүд. Энд бодол, зөвлөгөөгөө хэлнэ үү? гэв.
8 Тэгтэл бүх хүн нэг хүн мэт босож—Бидний нэг нь ч өөрийн майхан уруу явахгүй. Бидний хэн ч өөрийн гэрт буцахгүй.
9 Харин одоо Гибеад бидний хийх зүйл гэвэл, шодоход буусны дагуу бид Гибеагийн эсрэг мордоно.
10 Хүмүүсийн хүнсийг хангахаар Израилийн бүх овгоос зуун хүнээс арван хүнийг, мянган хүнээс зуун хүнийг, арван мянган хүнээс мянган хүнийг бид авна. Цэргүүд Бениамины Гибеад очин, Израильд үйлдсэн тэдний бүх ичгүүрт хэргүүдийн төлөө шийтгэх болтугай гэв.
11 Ийнхүү Израилийн хамаг эрчүүд бүгд нэг хүн мэт нэгдэн, тэр хотын эсрэг цугларав.
12 Дараа нь Израилийн овгууд Бениамины хамаг овог даяар хүмүүсийг илгээн—Та нарын дунд газар авсан бузар хэрэг чинь юу гээч вэ?
13 Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг тушаагтун. Бид тэднийг алж, Израилиас энэ бузар явдлыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонссонгүй.
14 Израилийн хөвгүүдийн эсрэг дайтахаар Бениамины хөвгүүд хот бүрээс Гибеад цугларав.
15 Тэр өдөр хот бүрээс цугларсан Бениамины хөвгүүдийг тоолоход Гибеагийн оршин суугчид болох шилэгдсэн долоон зуун эрчүүдээс гадна хорин зургаан мянган илд агсагч байсан билээ.
16 Эдгээр бүх хүний дотор шилэгдсэн долоон зуун хүн бүгд солгой гартай байлаа. Тэд бүгд чулуугаар хялгасыг ч алдалгүй харваж чаддаг байлаа.
17 Бениаминаас гадна Израилийн эрсийг тоолоход, илд агссан дөрвөн зуун мянган хүн байсан бөгөөд тэд бүгд дайчин эрс байв.
18 Израилийн хөвгүүд босож, Бетелд очин, Бурханаас асуун,—Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний төлөө хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд—Иуда түрүүнд явах болно гэж ЭЗЭН айлдав.
19 Ингээд Израилийн хөвгүүд өглөө босож, Гибеагийн эсрэг хуарагнан буув.
20 Израилийн эрс Бениамины эсрэг тулалдахаар хөдөлж, Гибеад тэдний эсрэг талд байрлалаа эзлэв.
21 Тэгэхэд Бениамины хөвгүүд Гибеагаас гарч ирэн, тэр өдөртөө хорин хоёр мянган Израилийн эрсийг газар дээр хөнөөв.
22 Гэвч Израилийн эрчүүд болох ард олон өөрсдийгөө зоригжуулан, эхний өдөр байрлалаа эзэлсэн газартаа дахин тулалдахаар байрлалаа эзлэв.
23 Израилийн хөвгүүд явж, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдан, ЭЗЭНээс асуун—Миний дүү Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахаар бид дахин явах уу? гэв. ЭЗЭН—Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.
24 Тэгээд хоёр дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг ирэв.
25 Бениамин ч өөдөөс нь Гибеагаас гарч ирээд, дахин Израилийн хөвгүүдээс арван найман мянган илд агссан хүнийг газар дээр хөнөөв.
26 Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн Бетелд ирж уйлалдав. Ийнхүү тэд ЭЗЭНий өмнө суун үдэш хүртэл мацаг барьлаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.
27 Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. (Учир нь тэр үед Бурханы гэрээний авдар Бетелд байв.
28 Мөн тэр үед Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд—Би өөрийн дүү Бениамины хөвгүүдийн эсрэг дахиад тулалдах уу, эсвэл болих уу? гэсэн билээ. ЭЗЭН—Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт тушаах болно гэж айлдав.
29 Тиймээс Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив.
30 Гурав дахь өдөр нь Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг хөдлөн, өмнөхийн адил Гибеагийн харалдаа байрлалаа эзлэв.
31 Бениамины хөвгүүд ард түмний эсрэг гарч, хотоос холдов. Тэдний нэг хэсэг нь Бетел уруу, нөгөө хэсэг нь Гибеа тийших замд урьдын адил Израилийн эрсийг алж эхлэн, тэднээс гучийг нь зам дээр болон талд устгав.
32 Бениамины хөвгүүд—Тэд урьдын адил бидний өмнө цохигдлоо хэмээн хэлэлцэв. Харин Израилийн хөвгүүд—Тэднийг хотоос холдуулан, зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа.
33 Тэгэхэд Израилийн хамаг эрчүүд байсан газраасаа босоцгоож, Баал-тамарт байрлалаа эзэлцгээв. Израилийн отогчид ч Мааре-геба дахь нуувчаасаа гарч ирэв.
34 Бүх Израилиас шилэгдсэн арван мянган эрс Гибеагийн эсрэг довтлоход тулалдаан нь улам ширүүслээ. Харин өөрсдөд нь гай ойртож буйг Бениамин мэдсэнгүй.
35 ЭЗЭН Израилийн өмнө Бениаминыг цохисонд тэр өдөр Израилийн хөвгүүд Бениамины илд агссан хорин таван мянга нэг зуун хүнийг алав.
36 Бениамины хөвгүүд өөрсдийгөө ялагдсаныг мэдэв. Гибеагийн харалдаа нуугдаж буй отогчдод найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зам тавихад
37 отогчид яаравчлан Гибеа уруу эрчээрээ довтлов. Отогчид бас цөмрөн ороод, хотыг бүхэлд нь илдний ирээр цавчив.
38 Израиль эрчүүд болон отогчдын хооронд болзсон тэмдэг байсан бөгөөд энэ нь хотоос өтгөн утаа багшран гаргах тэмдэг байв.
39 Тэгэхэд Израилийн эрчүүд эргэн тулалдах ёстой байв. Бениамин цохиж эхлэн, бараг гучаад Израиль хүнийг алж,—Үнэхээр тэд анхны тулалдааны адил бидэнд цохигдон ялагдсан билээ хэмээн хэлцгээж байв.
40 Харин хотоос өтгөн утаа олгойдон гарч эхлэхэд Бениамин эргэн хартал, бүх хотыг утаа нөмрөн, тэнгэрт хөөрч байв.
41 Израиль хүмүүс эргэн дайрсанд, өөрсөд уруу нь гай ойртож буйг харсан бениаминчууд айцгаав.
42 Израилийн эрсэд нуруугаа харуулан, цөл уруу зугтаасан боловч араас нь нэхэн тулалдсан ба хотуудаас гарч ирсэн хүмүүс ч нэгдэн тэднийг устгав.
43 Израиль хүмүүс Бениаминыг бүслэн, тэднийг амс хийлгэлгүй нэхэн, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт бут цохив.
44 Ингэж Бениамины арван найман мянган эрс алагдлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байжээ.
45 Үлдэгсэд нь эргэж, цөл тийш Риммоны хад уруу зугтаасан боловч израильчууд зам дээр тэднээс таван мянгыг нь барьж, үлдсэнийг нь Гидомд гүйцэж бариад хоёр мянган хүнийг алав.
46 Тэр өдөр Бениаминаас алагдсан бүх хүмүүс нь сэлэм агссан хорин таван мянган эрс байлаа. Тэд бүгд эрэлхэг дайчид байв.
47 Харин зургаан зуун хүн эргэн, цөл тийш Риммоны хад уруу зугтаан, тэндээ дөрвөн сарын турш бүгэв.
48 Тэгэхэд Израилийн эрчүүд Бениамины хөвгүүд уруу буцаж, тэднийг болон хотуудыг нь довтлон, тэндхийн хүн, мал, хамаг юмсыг нь илдний ирээр сүйтгэж, галдан шатаав.