Шүүгчид

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 8

Тэр цагт Ефраимын эрчүүд Гидеонд хандан—Та бидэнд яагаад ийн хандан, мидианчуудын эсрэг тулалдахаар хөдлөхдөө биднийг юунд дуудсангүй вэ? гээд түүнийг хатуу зэмлэв.
2 Харин Гидеон тэдэнд—Та нартай харьцуулах юм бол миний үйлдсэн зүйл нь юу вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?
3 Бурхан та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд түүний эсрэг байсан тэдний хилэн намдав.
4 Тэндээс Гидеон гурван зуун эрсийнхээ хамт Иордан голд хүрэлцэн ирж, гатлав. Тэд ядарч эцсэн байсан боловч мөрдөлтөө үргэлжлүүлсээр байв.
5 Тэр Суккотын хүмүүст хандан—Би Мидианы хаад Зеба, Залмунна нарыг нэхэж явна. Намайг дагалдан яваа хүмүүс ядарч эцсэн тул тэдэнд талх хайрлаач гэсэнд
6 Суккотын ноёд—Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод танай цэргүүдэд бид талх өгөх болж байна уу? гэв.
7 Тэгэхэд Гидеон—За яахав. Зеба, Залмунна нарыг ЭЗЭН миний гарт тушаах цагт би говийн үүргэнэ, өргөст халгайгаар та нарын махыг урна даа гэв.
8 Гидеон тэндээс Пенуел уруу очин, дээрхийн адил гуйсанд, Пенуелийн хүмүүс түүнд Суккотын хүмүүсийн адил хариулав.
9 Тиймээс тэр мөн пенуелчүүдэд хандан—Би эсэн мэнд буцаж ирэхээрээ энэ цамхгийг чинь эвдэн нураана гэв.
10 Зеба, Залмунна нар Каркорт байв. Дорнын хөвгүүдийн нийт цэргээс амьд үлдсэн бүгд арван таван мянга орчим хүмүүстэй цэрэг нь тэдэнтэй хамт байв. Юу гэвэл илд агссан зуун хорин мянган хүн алагдсан байв.
11 Гидеон Ноба ба Иогбехагийн зүүн талд майхнуудад суугч хүмүүсийн замыг даган өгсөж очоод, сэжиг аваагүй байхад нь хуаранг цохив.
12 Мидианы хоёр хаан Зеба болон Залмунна нарыг зугтсанд, Гидеон тэднийг нэхэн олзлоод, цэргүүдийг нь үлдээлгүй хиар цохив.
13 Тэгээд Иоашийн хөвгүүн Гидеон Хересийн өндөрлөг газрыг туулан тулалдаанаас буцаж ирэв.
14 Тэгээд Суккотынхноос нэгэн залууг олзлоод байцаав. Тэр залуу Суккотын ноёд болон ахлагчид болох далан долоон хүний нэрийг Гидеонд бичиж өгөв.
15 Гидеон Суккотын хүмүүс дээр ирж—“Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод ядарч эцсэн та нарт бид талх өгөх ёстой гэж үү?” хэмээн та нар намайг элэглэж байсан. Зеба ба Залмунна нарыг харагтун гэв.
16 Тэрээр хотын ахлагчдыг барьж, говийн үүргэнэ болон өргөст халгайгаар суккотчуудыг хашраав.
17 Мөн Пенуелийн цамхгийг нураан, хотын хүмүүсийг нь алав.
18 Дараа нь Зеба болон Залмунна нараас—Таборт та нарын алсан хүмүүс ямаршуу төрхийн хүмүүс байсан бэ? хэмээн Гидеон асуусанд—Тэд нар тантай адил бүгд л хааны хөвгүүний дүртэй хүмүүс байсан гэв.
19 Гидеон—Тэд нар миний ах дүү нар, миний эхийн хөвгүүд байсан юм. ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хэрэв та нар тэднийг амьд үлдээсэн л юм бол би та нарыг алахгүй байхсан гэж өгүүлээд,
20 өөрийн ууган хөвгүүн Иетерт—Босож тэднийг алагтун хэмээн тушаасан боловч залуу хөвгүүн илдээ сугалсангүй. Учир нь тэр залуу байсан тул айв.
21 Тэгэхэд Зеба, Залмунна нар—Та өөрөө босож биднийг алагтун. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба болон Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган сар хэлбэртэй чимгийг мултлан авав.
22 Тэгээд Израилийн эрчүүд Гидеонд—Та болон таны хөвгүүд, таны ач нар ч биднийг захираг. Яагаад гэвэл та биднийг Мидианы савраас аварсан юм гэцгээлээ.
23 Гэвч Гидеон тэдэнд—Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв.
24 Тэгээд Гидеон тэднээс—Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омгоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь Ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.
25 Тэд—Бид дуртайяа өгнө гэж өгүүлээд, нэгэн дээлийг газар дэлгэж, хүн бүр олзны юмнаасаа нэг нэг ээмэг дээр нь хаяв.
26 Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүнд зүүлттэй байсан хүзүүний чимэг мэтчилэн байв.
27 Гидеон тэдгээрээр нэгэн ефод бүтээж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхайрцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.
28 Ингээд Мидиан Израилийн хөвгүүдийн өмнө дарагдсан бөгөөд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн туршид амар тайван байв.
29 Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав.
30 Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа.
31 Шехемд байсан татвар эм нь түүнд нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд Абимелех гэдэг нэр өгөв.
32 Иоашийн хөвгүүн Гидеон өндөр насыг наслан өөд болсон бөгөөд түүнийг эцэг Иоашийнх нь булшинд абиезричуудын Офрад оршуулжээ.
33 Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилийн хөвгүүд дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-беритийг өөрсдийн бурхан болгов.
34 Ийнхүү хүрээлэн буй дайснуудых нь савраас өөрсдийг нь аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хүмүүс умартав.
35 Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь дагуу түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.