Шүүгчид

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 2

ЭЗЭНий тэнгэр элч Гилгалаас Бохимд ирж—Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ хэзээ ч цуцлахгүй.
2 Та нарын хувьд энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвд” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?
3 Тиймээс Би дахин хэлье. “Би та нарын өмнөөс тэднийг хөөхгүй, харин тэд хажууд чинь үүргэнэ мэт болж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдав гэсэн.
4 ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.
5 Тиймээс тэр газрыг тэд Бохим хэмээн нэрлээд тэнд ЭЗЭНд тахил өргөв.
6 Иошуа ард олныг тараахад, Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихийн тулд явцгаав.
7 Иошуаг амьд байх зуур болон ЭЗЭНий Израильд үйлдсэн бүх гайхамшгийг харсан ахлагчдыг амьд байх үед ард олон ЭЗЭНд үйлчлэв.
8 ЭЗЭНий зарц Нуны хүү Иошуа нь зуун арван насандаа нас эцэслэжээ.
9 Хүмүүс түүнийг Гааш уулын хойно байдаг Ефраимын уулархаг нутаг дахь түүний өвлөн авсан Тимнат-хересийн нутагт оршуулав.
10 Тэр үеийн хүмүүс бүгд эцэг өвгөд уруугаа дуудагдсан бөгөөд тэдний дараа ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй өөр үеийнхэн гарч ирэв.
11 Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв.
12 Египетийн нутгаас өөрсдийг нь гарган авчирсан эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд орхиж, тэднийг тойрон байгаа улсуудын бурхдыг даган, тэдэнд мөргөж, ЭЗЭНийг хилэгнүүлэв.
13 Ингээд тэд ЭЗЭНийг орхиж, Баал болон Аштаротод үйлчилжээ.
14 ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.
15 ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр тарчлав.
16 Тэгээд ЭЗЭН шүүгчдийг босгож, тэднийг тонуулчдын гараас аврав.
17 Гэсэн хэдий ч тэд шүүгчдийгээ ч сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж, тэдэнд мөргөв. Эцэг өвгөд нь ЭЗЭНий тушаалыг дагаж явсан замаас тэд хурдан эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.
18 ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.
19 Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү нүгэл үйлддэг байв. Тэд өөрсдийн үйлс болон зөрүүд явдлаа орхисонгүй.
20 Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа—Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг тасалж, Миний дууг сонсоогүй учраас
21 Иошуа нас нөгчихдөө үлдээсэн улсуудын нэгийг ч Би цаашид тэдний өмнөөс хөөж зайлуулахгүй.
22 Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар явах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг сорихын тулд Би ингэх болно гэв.
23 Тиймээс ЭЗЭН тэдгээр үндэстнүүдийг хурдан хөөлгүй, тэдэнд үлдэх боломж өгөв. Тэр тэднийг Иошуагийн гарт тушаасангүй.