Иохан

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 14

Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.
2 Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.
3 Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.
4 [Миний] явах газарт очих замыг та нар мэднэ гэж айлдав.
5 Томас Түүнд—Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэсэнд
6 Есүс—Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
7 Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ.
8 Филип Түүнд—Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв.
9 Есүс—Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?
10 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрийн санаагаар хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм.
11 Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн.
12 Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно.
13 Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ.
14 Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.
15 Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.
16 Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.
17 Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.
18 Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.
19 Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна.
20 Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно.
21 Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
22 Иудас (Искариотын биш) Түүнд—Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэж асуухад
23 Есүс—Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.
24 Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ.
25 Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ.
26 Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.
27 Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.
28 “Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм.
29 Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ.
30 Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.
31 Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.