Иохан

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 2

Гуравдугаар өдөр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв.
2 Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа.
3 Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд—Тэд дарсгүй болов гэлээ.
4 Есүс—Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ.
5 Эх нь зарц нарт хандан—Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.
6 Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ.
7 Есүс тэдэнд—Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв.
8 Есүс—Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв.
9 Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан зарц нар мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж,
10 түүнд—Хүн бүр эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв.
11 Есүс Өөрийн тэмдгүүдийн эхлэлийг Галилын Кана хотод үйлдэж, алдраа илэрхийлсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.
12 Үүний дараа Есүс эх, дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаум хот уруу очиж, хэдэн өдөр тэнд байжээ.
13 Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу очив.
14 Тэрээр сүмийн дотор үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг хараад,
15 дээсээр шилбүүр хийж, хонь үхэр бүгдийг нь сүмээс туун гаргаад, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд,
16 тагтаа худалдаж байсан хүмүүст—Энэ юмнуудаа зайлуул. Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо гэлээ.
17 Шавь нар нь “Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно” хэмээн бичигдсэн байдгийг санацгаав.
18 Тэгтэл иудейчүүд Түүнд—Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв.
19 Есүс тэдэнд—Энэ сүмийг устга. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд
20 иудейчүүд—Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал, үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв.
21 Гэтэл Есүс Өөрийн биеийн сүмийн тухай айлдсан ажээ.
22 Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад үүнийг Тэр айлдсаныг шавь нар нь санаж, Судар болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээв.
23 Есүсийг Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалимд байхад нь олон хүн Түүний хийсэн тэмдгүүдийг үзээд, Түүний нэрэнд итгэжээ.
24 Харин Өөрийнхөө хувьд Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй. Учир нь Тэр бүх хүнийг мэдэж байв.
25 Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.