Иохан

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 5

Үүний дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад нь Есүс Иерусалим уруу очив.
2 Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд
3 тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв.
4 Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ.]
5 Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.
6 Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс—Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад
7 мөнөөх өвчтэй хүн—Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд
8 Есүс түүнд—Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав.
9 Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав.Тэр өдөр Амралтын өдөр байлаа.
10 Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд—Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.
11 Харин тэр тэдэнд—Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад, яв” гэсэн гэж хариулахад,
12 тэд—“Дэвсгэрээ аваад, яв” гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгаав.
13 Гэвч мөнөөх эдгээгдсэн хүн Түүнийг хэн байсныг мэдээгүй юм. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа.
14 Дараа нь Есүс түүнийг сүмд олоод—Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв.
15 Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ.
16 Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов.
17 Харин [Есүс] тэдэнд—Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав.
18 Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.
19 Есүс тэдэнд хандан—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг.
20 Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр Өөрийн хийж байгаа бүхнийг Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ.
21 Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг.
22 Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан.
23 Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.
24 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив.
25 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно.
26 Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ.
27 Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв.
28 Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон,
29 гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ.
30 Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.
31 Хэрэв Би Өөрийнхөө тухай ганцаараа гэрчилбэл, Миний гэрчлэл үнэн биш байна.
32 Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ.
33 Та нар Иохан уруу хүн илгээхэд, үнэний тухай тэр гэрчилсэн билээ.
34 Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм.
35 Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан.
36 Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцэгийн биелүүл хэмээн Надад өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг.
37 Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй.
38 Түүний илгээсэн Хүнд та нар итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй.
39 Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.
40 Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.
41 Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй.
42 Харин та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би мэднэ.
43 Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна.
44 Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ?
45 Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч бол та нарын найдвараа тавьсан Мосе мөн.
46 Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм.
47 Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.