Иохан

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


Бүлэг 20

Долоо хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав.
2 Тэгээд Мариа Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь уруу нь гүйн ирж—Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэж хэлэв.
3 Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв.
4 Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирээд
5 тонгойн хараад, даавуу байхыг л үзсэн боловч дотогш орсонгүй.
6 Араас нь Симон Петр ч гүйн ирэв. Тэр булш уруу орж, маалинган даавуу болон
7 толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ.
8 Түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж ирэн, хараад итгэв.
9 Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогүй л байлаа.
10 Ингээд шавь нар нь өөрсдийнхөн уруугаа буцав.
11 Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад,
12 цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байв.
13 Тэд түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв.
14 Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй.
15 Есүс түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд—Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв.
16 Гэтэл Есүс—Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр—Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.
17 Есүс—Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно” гэдгийг хэл гэлээ.
18 Магдалын Мариа ирж, шавь нарт—Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.
19 Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.
20 Үүнийг айлдаад, Тэр тэдэнд гар, хажуугаа үзүүлэв. Шавь нар нь Эзэнийг хараад ихэд баярлав.
21 [Есүс] дахиж тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.
22 Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн—Ариун Сүнсийг хүлээн авагтун.
23 Та нар хэний нүглийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучилна, тэд үл уучлагдах болно гэж айлдав.
24 Харин арван хоёрын нэг болох ихэр гэгддэг Томас Есүсийг ирэх үед тэдэнтэй хамт байгаагүй ажээ.
25 Бусад шавь нар нь түүнд—Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр—Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны ормонд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ.
26 Найман өдрийн дараа шавь нар гэрт дахин цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Хаалга нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.
27 Тэгээд Тэр Томаст—Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд
28 Томас Түүнд—Эзэн минь, Бурхан минь гэв.
29 Есүс түүнд—Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ.
30 Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс [Өөрийн] шавь нарын өмнө үзүүлсэн юм.
31 Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.