Марk

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 11

Тэд Иерусалимд, Чидун уулын ойролцоо Бетфаг болон Бетсайдад ойртон иржээ. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж,
2 тэдэнд—Эсрэг талд чинь байгаа суурин уруу яв. Тэнд очсон тэр даруй уяатай, хүн хэзээ ч унаж байгаагүй дудранг олно. Уяаг нь тайлаад, энд авчир.
3 Хэрэв хэн нэгэн хүн та нараас “Та нар яагаад ингэж байна?” гэж асуувал “Энэ дудран Эзэнд хэрэгтэй. Удахгүй тэр үүнийг чинь буцааж явуулна” гэж хэлээрэй гэв.
4 Тэд явж, гудамжинд хаалганы гадаа уяатай дудранг олж, уяаг нь тайлав.
5 Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь—Та нар юу хийж байгаа юм бэ, дудрангаа уяанаас нь тайлж байгаа юм уу? гэхэд,
6 тэд Есүсийн айлдсаны дагуу хэлэхэд хүмүүс тэднийг явуулав.
7 Тэд дудранг Есүс уруу авчраад, дээр нь хувцсаа тохоход Есүс мордов.
8 Олон хүмүүс хувцсаа, зарим нь талбайгаас цавчиж авчирсан найлзуурыг зам дээр дэвсжээ.
9 Өмнө хойно нь явсан хүмүүс хашхиралдан—Хосанна!Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!
10 Бидний эцэг Давидын ирж буй хаанчлал ерөөлтэй.Хамгийн дээдэд Хосанна!гэцгээж байлаа.
11 Есүс Иерусалимд ирж, сүмд оров. Эргэн тойрноо харсны дараа цаг хэдийн орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.
12 Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ.
13 Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв.
14 Есүс тэр модонд—Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.
15 Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн, мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүдийг, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаав.
16 Тэрээр сав суулга зөөж сүмээр дайрч явахыг хэнд ч зөвшөөрсөнгүй.
17 Есүс сурган, тэдэнд хандан—“Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ” гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.
18 Ахлах тахилч нар болон хуулийн багш нар үүнийг сонсоод, Есүсийг хөнөөх арга замаа хайж байлаа. Учир нь олон түмэн бүгд Түүний сургаалыг сонсоод гайхаж байсан тул тэд Есүсээс айж байсан юм.
19 Орой болох бүрд тэр хотоос гарч явдаг байлаа.
20 Өглөөгүүр тэр хавиар өнгөрөн явахдаа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсаныг тэд үзэв.
21 Петр санаж,—Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд
22 Есүс тэдэнд хариулан—Бурханд итгэгтүн.
23 Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан “Өргөгдөж тэнгист хаягдагтун” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно.
24 Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно.
25 Та нар залбиран зогсохдоо, хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлах болно.
26 [Харин хэрвээ та нар уучлахгүй бол, тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлахгүй гэв].
27 Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид Түүн уруу хүрч ирээд,
28 Түүнээс—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад,
29 Есүс тэдэнд—Та нараас Би нэг юм асууя. Та нар Надад хариул. Тэгвэл ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа Би та нарт хэлэх болно.
30 Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүнээс ирсэн үү? Надад хариулаач гэв.
31 Тэд өөр хоорондоо—Хэрэв бид “Тэнгэрээс” гээд хэлчихвэл, Тэр “Тэгвэл яагаад та нар түүнд итгээгүй юм бэ?” гэж хэлнэ дээ.
32 Харин “Хүнээс” гэж хэлбэл... гэж ярилцав. Тэд хурсан олноос айж байлаа. Учир нь бүх хүн Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байсан юм.
33 Тэгээд тэд Есүст—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлэхгүй гэв.