Марk

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 12

1 1. Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв.—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, усан үзэм шахах савыг суулгах газрыг малтаж, цамхаг босгожээ. Үүнийгээ усан үзмийн тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.
2 Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар боолоо илгээв.
3 Тэд боолыг нь барьж авч, зодоод гар хоосон буцаажээ.
4 Тэр дахин өөр боолоо тариаланчид уруу явуултал толгойг нь хага цохиж, гутаан доромжилжээ.
5 Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олон хүнийг ч мөн адил заримыг нь зодож, заримыг нь алжээ.
6 Илгээх ганцхан хүн түүнд үлдсэн нь хайртай хүү нь байлаа. Тэр хүн “Тэд миний хүүг хүндэтгэнэ” гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн уруу явуулав.
7 Харин усан үзмийн тариаланчид бие биедээ “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирцгээ. Түүнийг алчихъя. Өмч нь биднийх болно” гэцгээж,
8 түүнийг барьж авч, алаад усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяжээ.
9 Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн юу хийх вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөж цэцэрлэгээ өөр хүмүүст өгнө.
10 Та нар“Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов.
11 Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөдБидний нүдэнд гайхалтай юм” гэсэн Судрыг уншаагүй гэж үү?гэлээ.
12 Тэд Есүсийг барихаар завдаж байсан боловч ард олноос айв. Учир нь Есүс өөрсдийнх нь эсрэг сургаалт зүйрлэл айлдсаныг хүмүүс ойлгосон байв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.
13 Тэд Түүнийг үгэнд нь урхидаж барихын тулд фарисай болон херодынхны зарим хүмүүсийг Есүс уруу явуулав.
14 Тэд ирээд Түүнд—Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнд ч тал засдаггүйг тань болон хэнийг ч ялгадаггүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? Бид төлөх ёстой юу, эсвэл төлөх ёсгүй юу? гэж асуутал,
15 Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг нь мэдээд, тэдэнд—Та нар Намайг юунд сорино вэ? Надад денар үзүүл гэв.
16 Тэд нэг денар авчирсанд Есүс—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд, тэд—Цезарийнх гэлээ.
17 Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд Түүнийг гайхацгаав.
18 (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан,—
19 Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө” гэж бичсэн.
20 Ах дүү долоон хүн байжээ. Ууган нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй.
21 Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил.
22 Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэй бас нас баржээ.
23 Амилалтад [тэд амилахад] тэр хэний эхнэр болох вэ? Яагаад гэвэл тэр долоо бүгдээрээ түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэхэд нь
24 Есүс тэдэнд—Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ч ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу?
25 Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, хадамд гарах ч үгүй. Харин тэд тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болно.
26 Харин үхэгсэд дахин амилах тухайд Мосегийн номын бутны тухай хэсэгт Бурхан Мосед “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” гэж айлдсаныг та нар уншаагүй юу?
27 Тэр бол үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж айлдав.
28 Хуулийн багш нарын нэг нь ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс—Ямар тушаал нь бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа.
29 Есүс—Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн.
30 Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун” гэсэн нь юм.
31 “Чи хөршөө өөр шигээ хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй гэлээ.
32 Хуулийн багш Түүнд—Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр нэгэн байхгүй гэж Та үнэнээр айлдлаа.
33 Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд өргөлүүдээс ч агуу их юм гэв.
34 Түүний ухаалгаар хариулахыг Есүс хараад, түүнд—Та Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэн ч дахиж Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.
35 Есүс сүмд зааж байсан шигээ,—Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ?
36 Давид өөрөө Ариун Сүнсээр“Эзэн миний Эзэнд«Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэлМиний баруун гарт залрагтун» гэв”гэж хэлсэн.
37 Давид өөрөө Түүнийг “Эзэн” гэж дуудсан. Тэгвэл Тэр яаж түүний хүү байж таарах вэ? гэж айлдав. Үй олон хүн Түүнийг баяртайгаар сонсож байв.
38 Тэр Өөрийн сургаалдаа айлдруун—Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт нөмрөгтэй явж, хөл ихтэй газруудад хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.
39 Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд
40 бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар үлэмж шийтгэл хүлээнэ гэв.
41 Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв. Олон баячуул их хэмжээгээр нь хийж байлаа.
42 Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ.
43 Есүс Өөр уруугаа шавь нараа дуудаад—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө.
44 Яагаад гэвэл хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав.