Марk

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 3

1 1. Тэгээд Тэр дахин синагогт ороход тэнд хатангир гартай хүн байжээ.
2 Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглан харж байлаа.
3 Есүс хатангир гартай хүнд—Босоод, урагшаа гар гээд,
4 тэдэнд—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэн боловч тэд дуугарсангүй.
5 Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд—Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.
6 Фарисайчууд гарч, тэр даруй Есүсийн эсрэг херодынхонтой Түүнийг яаж алах тухай зөвлөлджээ.
7 Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олон хүн [дагаж байлаа]. Бас Иудейгээс,
8 Иерусалимаас, Идумаас, Иорданы тэртээгээс, Тир болон Сидон хавиас үй олон хүн Есүсийн хийсэн бүхнийг сонсоод Түүн уруу иржээ.
9 Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг Өөрийн шавь нарт Тэр даалгав.
10 Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа.
11 Бузар сүнснүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж,—Та бол Бурханы Хүү мөн гэж хашхиралдаж байв.
12 Өөрийг нь мэдүүлж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа.
13 Есүс уул өөд гарч Өөрийн хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн уруу ирэв.
14 Есүс арван хоёр хүнийг [элч гэж нэрлэн] томилжээ. Учир нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх,
15 чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд сонгосон юм.
16 [Тэр арван хоёр хүнийг томилсон нь] Симон, (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ),
17 Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ),
18 Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, Канын Симон,
19 Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.
20 Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй.
21 Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай—Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа.
22 Иерусалимаас ирсэн хуулийн багш нар—Тэр Беелзебултэй гээд—Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа.
23 Тэр тэднийг Өөр уруугаа дуудаж сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун—Сатан Сатаныгаа яаж хөөн зайлуулж чадах билээ?
24 Хэрэв хаанчлал дотроо хуваагдвал, тэр хаанчлал нь оршин тогтнож чадахгүй.
25 Хэрэв айл гэр дотроо хуваагдвал, тэр айл гэр оршин тогтнох чадваргүй болно.
26 Хэрэв Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал, тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ.
27 Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ.
28 Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана.
29 Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв.
30 Учир нь тэд—Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм.
31 Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав.
32 Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд—Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд,
33 Тэр тэдэнд хариулан—Хэн Миний ээж, [Миний] дүү нар юм бэ? гээд,
34 Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад,—Миний ээж болон Миний дүү нарыг харагтун.
35 [Яагаад гэвэл] Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм гэж айлдав.