Марk

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 6

1 1. Есүс тэндээс явж нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдан явж байлаа.
2 Амралтын өдөр Есүс синагогт сургаал заахад сонссон олон гайхаж,—Энэ хүн үүнийг хаанаас авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар гайхамшигт үйлс гарна вэ?
3 Энэ хүн чинь Мариагийн хүү мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт энд байгаа биз дээ? гэж Есүсийг янз янзаар гоочлов.
4 Есүс тэдэнд—Эш үзүүлэгч нь өөрийн гэр, төрөл садныхаа дунд болон нутгаасаа өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав.
5 Тэнд Тэр ямар ч гайхамшгийг үйлдэж чадсангүй. Харин өвчтэй байсан хэдэн хүн дээр мутраа тавьж эдгээжээ.
6 Тэдэнд итгэл байхгүйд Есүс гайхаж байлаа.Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал айлдав.
7 Есүс арван хоёрыгоо дуудаж, бузар сүнсийг захирах эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв.
8 Есүс тэдэнд зааварлан—Замдаа таягаас өөр юуг ч авч явах ёсгүй. Талх ч болохгүй, уут хүүдий ч болохгүй, хэтэвчиндээ зоос мөнгө ч авч явж болохгүй.
9 Харин шаахайгаа өмс гээд нэмж—Цамц давхарлаж өмсөөд хэрэггүй гэв.
10 Есүс тэдэнд—Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай.
11 Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ.
12 Тэд явж, хүмүүс гэмших ёстойг тунхаглав.
13 Тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй олон хүнийг тосоор тослон эдгээжээ.
14 Херод Хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурссан байлаа. Хүмүүс—Баптисм хүртээгч Иохан үхэгсдээс амилжээ. Тийм учраас Түүнд гайхамшигт хүч байна гэж ярилцаж байв.
15 Харин зарим нь—Тэр бол Елиа, зарим нь—Тэр бол эртний эш үзүүлэгчдийн нэгний л адил эш үзүүлэгч байна гэж байлаа.
16 Харин Херод үүнийг дуулаад—Миний цаазалсан Иохан амилжээ гэв.
17 Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ.
18 Учир нь Иохан Херодод—Дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн байв.
19 Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй.
20 Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа.
21 Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ.
22 Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад охин ихэд таашаагджээ. Хаан охинд—Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв.
23 Тэрээр охинд [олон удаа] ам гарч,—Чи надаас юуг хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч болов чамд өгнө гэж амлав.
24 Охин гарч, эхээсээ—Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь—Баптисм хүртээгч Иоханы толгойг гэжээ.
25 Охин тэр даруй хааны өмнө очиж—Яг одоо баптисм хүртээгч Иоханы толгойг тавган дээр тавьж надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв.
26 Хаан гүнээ харамссан боловч зочид байсан тул, бас амласан учир охинд татгалзахыг хүссэнгүй.
27 Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ.
28 Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв.
29 Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ.
30 Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа.
31 Тэр тэдэнд—Та нар зэлүүд газар уруу оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж, очиж, тэдэнд тусдаа юм идэх зав ч байсангүй).
32 Тусдаа байхаар тэд зэлүүд газрыг зүглэн завиар явав.
33 Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүхнээс хамтдаа тэр зүгт гүйсээр тэднээс урьтаж тэнд хүрэв.
34 Есүс эрэг дээр гарахдаа, үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.
35 хэдийн цаг орой болоход шавь нар нь Түүн дээр ирж,—Энэ газар зэлүүд. Аль хэдийн орой болчихлоо.
36 Хүмүүсийг явуулъя. Тэд ойр орчмын тосгон, суурин уруу очоод, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ.
37 Гэтэл Есүс хариуд нь—Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд—Бид явж, талханд хоёр зуун денар зарцуулж тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд,
38 Есүс тэдэнд—Та нарт хэдэн талх байна? Яв, хар гэж айлдлаа. Тэд олж мэдээд,—Таван талх, хоёр загас байна гэв.
39 Бүх хүнийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд Тэр тушаав.
40 Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа.
41 Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв.
42 Тэд бүгд цөмөөрөө идэж цадсан байлаа.
43 Тэд талхны хэлтэрхий, загасны үлдэгдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
44 Тэнд [талх] идсэн таван мянган эрчүүд байсан юм.
45 Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав.
46 Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ.
47 Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв.
48 Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Тэр хараад, шөнийн дөрөв дэх манааны үед Есүс нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөх санаатай явж байтал,
49 шавь нар нь Түүнийг нууран дээгүүр алхаж явахыг хараад, хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав.
50 Учир нь Түүнийг бүгд харсан бөгөөд ихэд айжээ. Гэвч тэр даруй Есүс тэдэнтэй ярьж,—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж тэдэнд айлдав.
51 Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогсов. Шавь нар нь бүр [ихэд] гайхав.
52 Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч тэдний зүрх хатуу байв.
53 Тэд хөвсөөр Геннесарет нутагт хүрч зангуугаа эрэг дээр хаяв.
54 Тэднийг завинаас буусан тэр даруй хүмүүс Есүсийг таниад,
55 бүх нутгаар гүйн явж, Түүнийг байгаа гэж сонссон газар уруу өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв.
56 Түүнийг суурин, хот, тосгон, хаа ч очсон олон түмэн өвчтэй хүмүүсийг олон хөлийн газар авчирч байв. Тэд Есүсээс энэ хүмүүсийг хувцасныхаа хормойд зөвхөн гар хүргүүлээч гэж гуйцгаан, гар хүрсэн болгон эдгэрч байлаа.