Марk

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 4

1 1. Тэр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олон хүн хуран цугласан тул Есүс нууран дахь завин дээр гарч суув. Цугласан олон бүгдээрээ нуурын захаар газар дээр байлаа.
2 Есүс сургаалт зүйрлэлээр олон зүйлийг тэдэнд заасан юм. Тэр сургахдаа ийн айлдав.—
3 Үүнийг сонс. Тариачин үр суулгахаар гарчээ.
4 Түүнийг үрээ цацахад зарим үр нь зам хавиар унасанд, шувууд ирээд түүгээд идчихжээ.
5 Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ.
6 Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ.
7 Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй.
8 Зарим үр нь сайн хөрсөнд унаж, урган өсөж ургацаа өгөхөд гуч, жар, зуу дахин их болжээ гээд,
9 Тэр—Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлдав.
10 Есүсийг ганцаараа болох үед нь ойролцоо байсан хүмүүс болон арван хоёр шавь нар нь сургаалт зүйрлэлийн тухай Түүнээс лавлан асуухад,
11 Тэр тэдэнд айлдан—Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсад нь бүх юмыг сургаалт зүйрлэлээр авдаг.
12 Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд,
13 Тэр—Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна гэж үү? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ?
14 Тэр тариачин үг тарьж байна.
15 Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг.
16 Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг.
17 Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход тэд тэр даруй унадаг.
18 Зарим нь хогийн ургамлын дунд унагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсоод,
19 харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог.
20 Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.
21 Есүс тэдэнд айлдруун—Дэнлүүг саван доор юм уу, орон доор тавих гэж авчирдаггүй биз дээ? Түүнийг дэнлүүний суурин дээр тавих гэж авчирдаггүй бил үү?
22 Хэрэв нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм. Хэрэв нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм.
23 Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонс гэв.
24 Тэр тэдэнд—Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.
25 Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.
26 Тэр—Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм.
27 Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй.
28 Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.
29 Харин үр боловсормогц ургац хураах цаг болсон тул тэр даруй тэр хүн хадуур хүргэнэ гэв.
30 Тэр—Бурханы хаанчлалыг бид юугаар зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ?
31 Энэ нь гичийн үртэй адил юм. Хөрсөнд суулгах үед гичийн үр газар дээрх ямар ч үрнээс бага байдаг.
32 Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамлаас илүү томорч, том мөчрүүд гарч сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.
33 Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлүүдийг ойлгох чинээгээр нь тэдэнд айлдав.
34 Тэдэнд сургаалт зүйрлэлгүйгээр Тэр ярьсангүй. Харин Өөрийн шавь нартаа тусад нь бүгдийг тайлбарлан өгчээ.
35 Тэр өдрөө орой болоход Есүс тэдэнд—Цөмөөрөө нуурын нөгөө тал уруу явцгаая гэхэд,
36 цугласан олныг орхин, тэд Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явахад өөр завинууд ч дагалдав.
37 Тэнд хүчит салхи үүсэж, давалгаа завийг нөмрөн ирж, завь хэдийн усанд автжээ.
38 Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байлаа. Шавь нар нь Түүнийг сэрээж, Түүнд—Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.
39 Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт—Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов.
40 Тэр тэдэнд—Та нар юунд ингэтлээ айна вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг билээ? гэхэд,
41 тэд маш их айж, бие биендээ—Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ? гэцгээж байлаа.