Матай

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 11

1 1. Есүс арван хоёр шавь нараа сургамжилж дуусаад, тэдний хотуудаар сургаал айлдан, номлохоор тэндээс явав.
2 Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, өөрийн шавь нараар үг дайж,
3 Түүнээс—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх юм уу? гэж асуулгав.
4 Есүс хариуд нь тэдэнд—Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл.
5 Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.
6 Надаас болж бүдрээгүй нэгэн нь ерөөлтэй еэ гэв.
7 Тэднийг явмагц Есүс олон түмэнд Иоханы тухай ярьж эхлэв.—Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү?
8 Тэгвэл та нар юу харах гэж очив? Үзэгтүн. Хээнцэр хувцасласан хүнийг үү? Хээнцэр хувцасласан хүмүүс хааны ордонд байдаг шүү дээ.
9 Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.
10 Түүний тухай“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”гэж бичигдсэн юм.
11 Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэй хүнээс төрсөн хүмүүсийн дунд баптисм хүртээгч Иоханаас илүү агуу хүн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ.
12 Баптисм хүртээгч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна. Хүчирхийлэгч хүмүүс түүнийг хүчээр авдаг.
13 Хууль болоод бүх эш үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа.
14 Хэрэв та нар үүнийг хүлээн авахыг хүсвэл тэр бол ирэх ёстой байсан Елиа мөн.
15 Сонсох чихтэй нь сонсогтун.
16 Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлүүлэх вэ? Энэ нь зах дээр суугаад бусад хүүхдүүдийг дуудан байгаа хүүхдүүдтэй төстэй агаад тэд
17 “Бид та нарт зориулж бишгүүрдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар гашуудсангүй” гэж хэлдэг.
18 Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг.
19 Хүний Хүүг ирээд идэж уухад тэд “Харцгаа. Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр!” гэдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг гэв.
20 Тэгээд Тэр ихэнх гайхамшгуудаа үйлдсэн хотуудыг зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм.—
21 Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт үнсэн дээр таар нөмрөөд гэмшсэн байхсан.
22 Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно.
23 Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдсөн байх уу? Чи Үхэгсдийн оронд унах болно. Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан.
24 Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содомын газар чамаас илүү хүлцмээр байх болно гэлээ.
25 Тэр үед Есүс хариу болгон—Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ.
26 Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан.
27 Эцэг минь бүгдийг Надад өгсөн бөгөөд Эцэгээс өөр хэн ч Хүүг танихгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг танихгүй.
28 Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.
29 Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
30 Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.