Матай

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 8

1 1. Есүсийг уулаас бууж ирэхэд асар олон хүн Түүнийг дагав.
2 Уяман өвчтэй нэгэн хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж,—Эзэн минь, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд,
3 Есүс гараа сунган түүнд хүрч—Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ.
4 Есүс түүнд—Үүнийг хэнд ч хэлж болохгүй! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэхийн тулд Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэлээ.
5 Есүсийг Капернаумд ороход нь нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж,—
6 Эзэн, зарц маань саа өвчин тусаад, гэртээ хэвтэж, сүрхий өвдөн шаналж байна гэхэд
7 Есүс—Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв.
8 Харин зуутын дарга—Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ.
9 Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав.
10 Есүс үүнийг сонсоод ихэд гайхаж, дагаж явсан хүмүүст—Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна.
11 Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна.
12 Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.
13 Тэгээд Есүс зуутын даргад—Замаараа яв. Чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ.
14 Есүс Петрийн гэрт очиж, хадам эхийг нь халуунтай өвдөн хэвтэж байхыг харав.
15 Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилан, тэр босоод Түүнд үйлчлэв.
16 Орой болоход тэд чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүн уруу авчрахад, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ.
17 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.
18 Есүс олон хүн Өөрийг нь тойрсныг хараад, нуурын нөгөө тал уруу явахыг тушаав.
19 Нэгэн хуулийн багш ирж, Түүнд—Багш аа, Таныг хаашаа ч явсан би дагаж явъя гэв.
20 Есүс—Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй гэлээ.
21 Дагалдагчдын нэг нь Түүнд—Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд
22 Есүс—Намайг дага. Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.
23 Түүнийг завинд суухад шавь нар нь Түүнийг дагалаа.
24 Үзэгтүн. Нуурт маш хүчтэй шуурга босож, завь давалгаанд автсан боловч Есүс унтаж байлаа.
25 Тэд Түүн уруу ирж, Түүнийг сэрээгээд—Эзэн минь, авраач, бид сүйрлээ гэхэд нь,
26 Есүс тэдэнд—Юунд айцгаана вэ, итгэл багатай хүмүүс ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зэмлэжээ. Гэтэл нам гүм боллоо.
27 Хүмүүс гайхаж—Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд захирагдаж байгаа юм бэ? гэлцэв.
28 Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд булшнуудын тэндээс чөтгөрт эзлэгдсэн хоёр хүн гарч ирээд, Түүнтэй тааралдав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ.
29 Үзэгтүн, тэд хашхиран,—Бурханы Хүү, бид Танд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.
30 Тэнд тэднээс зайдуухан сүрэг гахай идээшилж байлаа.
31 Чөтгөрүүд Түүнээс гуйж—Хэрэв Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайнд оруулаач гэв.
32 Тэр—Зайлцгаа гэхэд, сүнснүүд гарч гахайнуудад шүглэхэд, гахайн сүрэг бултаараа нуурын эгц эрэг уруу давхилдан орж усанд живж, үхжээ.
33 Гахайчид зугтан хот уруу орж, болсон явдал болоод чөтгөрт эзэмдүүлж байсан хүмүүсийн тухай мэдүүлэв.
34 Хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.