Матай

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 12

1 1. Тухайн үед нэгэн амралтын өдөр, тариан талбайн дундуур Есүс явж байв. Шавь нар нь өлсгөлөн байсны улмаас тариан түрүүг шувтран идэж эхлэв.
2 Гэтэл үүнийг фарисайчууд хараад, Түүнд—Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм үйлдэж байна гэцгээв.
3 Харин Есүс тэдэнд хэлсэн нь—Давид болон түүнтэй хамт байгсад нь өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу?
4 Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ.
5 Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар Хуулиас уншаагүй гэж үү?
6 Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна.
7 Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.
8 Учир нь Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн.
9 Есүс тэндээс явж, тэдний синагогт орлоо.
10 Хатангир гартай нэгэн хүн тэнд байжээ. Тэд Есүсийг буруутгахаар—Амралтын өдөр эдгээх нь хуульд нийцэх үү? гэж асуухад,
11 Тэр тэдэнд—Хэрэв та нарын дундаас хэн нэгэн нь ганцхан хоньтой байгаад тэр нь Амралтын өдөр нүхэнд уначихвал, хонио барьж, тэндээс гаргана биз дээ?
12 Тэгвэл хүн хониноос аль хир эрхэм билээ? Тиймээс Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ гээд,
13 мөнөөх хүнд хандан—Гараа сунга гэсэнд, тэр хүн сунгамагц гар нь нөгөө гарынхаа адил зүгээр болов.
14 Харин фарисайчууд гарч, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хамтдаа Түүний эсрэг зөвлөлдөв.
15 Харин Есүс үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүнийг олон хүн дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд,
16 Өөрийг нь мэдүүлж болохгүйг тэдэнд сануулав.
17 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна.
18 «Миний сонгосон Зарц,сэтгэлд минь нийцсэн Миний Хайртыг харагтун.Би Түүний дээр Өөрийн Сүнсээ байлгана.Тэр нь харь үндэстэнд шударга ёсыг тунхаглах болно.
19 Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй бөгөөдГудамжнуудад хэн ч Түүний дууг сонсохгүй.
20 Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэлбяцлагдсан хулсыг хугалахгүй,сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй.
21 Түүний нэрэнд харь үндэстнүүд найдах болно».
22 Тэгээд Түүн уруу чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй нэгнийг авчирсанд, Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ.
23 Олон түмэн бүгдээрээ ихэд гайхан,—Энэ хүн чинь Давидын Хүү биш үү? гэцгээж эхлэв.
24 Харин фарисайчууд үүнийг сонсоод,—Энэ хүн чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр л чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж хэлсэнд,
25 Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хандан,—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот, эсвэл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй.
26 Хэрэв Сатан нь Сатаныгаа зайлуулбал, тэр өөрийнхөө эсрэг хуваагдаж байгаа хэрэг болох нь. Тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ?
27 Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тэгэхээр тэд та нарын шүүгч болно.
28 Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.
29 Бяртай эрийг эхлээд хүлэхгүй бол хэн түүний гэрт нь ороод эд хөрөнгийг нь булааж чадах билээ? Хүлсний дараа л гэрийг нь дээрэмдэнэ шүү дээ.
30 Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.
31 Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй.
32 Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.
33 Эсвэл мод нь сайн бол үр жимс нь сайн, мод нь муу бол үр жимс нь муу ажээ. Учир нь модыг үр жимсээр нь таньдаг.
34 Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг.
35 Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг.
36 Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно.
37 Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөнө, мөн чи үгсээрээ яллагдана гэв.
38 Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд—Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна гэсэнд,
39 харин Тэр тэдэнд—Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр ямар ч тэмдгийг тэдэнд өгөхгүй.
40 Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.
41 Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.
42 Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож эднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа Нэгэн байна.
43 Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч түүнийгээ олдоггүй.
44 Тэгээд тэр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэж хэлдэг. Буцаж ирэхэд нь, түүнийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсон байхыг тэр хардаг.
45 Тэгээд тэр явж, өөрөөсөө дор өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав.
46 Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа.
47 Хэн нэг нь Түүнд—Хараач, эх, дүү нар тань Тантай ярилцахаар гадаа зогсож байна гэхэд,
48 Есүс харин тэр хүнд—Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд
49 Өөрийн шавь нарын зүг гараа сунгаад,—Харагтун, эд бол Миний эх болоод ах дүүс.
50 Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч дүүс мөн гэж айлдав.