Матай

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 17

1 1. Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ.
2 Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.
3 Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв.
4 Петр Есүст—Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя гэв.
5 Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс—Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.
6 Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв.
7 Есүс ирж тэдэнд гар хүрч—Бос, бүү ай гэлээ.
8 Тэд толгойгоо өргөн харахад, Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.
9 Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд—Хүний Хүүг үхэгсдээс амилтал энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав.
10 Шавь нар нь Түүнээс—Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхэнд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад,
11 Тэр хариуд нь—Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно.
12 Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд хүссэн бүхнээ түүнд хийсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав.
13 Тэгэхэд л баптисм хүртээгч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар нь ойлгожээ.
14 Тэднийг хурсан олон уруу ирэх үед нэгэн хүн Түүнийг тосон очоод өмнө нь сөхрөн,—
15 Эзэн, миний хүүг өршөөгөөч. Хүү маань солиотой. Тэр их өвчтэй байна. Гал усанд байнга унаж ойчдог юм.
16 Би түүнийг Таны шавь нар дээр авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв.
17 Есүс—Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир гээд,
18 Есүс түүнийг зэмлэсэнд, чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчөөс эхлэн эдгэрэв.
19 Тэгтэл шавь нар нь Есүс уруу хэдүүлхнээ ирж,—Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд,
20 Есүс—Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно.
21 [Гэвч энэ төрлийн чөтгөр нь мацаг барилт, залбирлаар л гардаг хэмээн айлдав.]
22 Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд—Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно.
23 Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гашуудлаа.
24 Тэднийг Капернаумд ирэхэд нь хоёр драхмын татвар хураагч нар Петр дээр ирээд—Танай багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд,
25 тэр—Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс түрүүлэн түүнд—Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гаднын хүмүүсээс үү? гэхэд
26 тэр—Гаднын хүмүүсээс гэж хариулахад Есүс—Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь.
27 Гэвч бид тэднийг гомдоохгүйн тулд чи тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний өмнөөс болон өөрийнхөө өмнөөс тэдэнд аваачиж өг гэж айлджээ.