Матай

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 3

1 1. Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж,—
2 Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа.
3 Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа«Цөлд хашхирагч нэгний дуу,“Эзэний замыг бэлтгэцгээ,Түүний замыг шулуун болгоцгоо” гэнэ»гэжээ.
4 Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж.
5 Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа.
6 Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
7 Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?
8 Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга.
9 “Абрахам бол бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.
10 Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчуулан, галд хаягдах болно.
11 Миний хувьд гэвэл, гэмшлийн чинь төлөө би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин миний араас Ирэгч надаас илүү хүчтэй бөгөөд Түүний шаахайг тайлах нь ч надад зохисгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр хийгээд галаар баптисм хүртээнэ.
12 Түүний гарт нь шигшүүр байна. Тэр үтрэмээ гүйцэд цэвэрлээд, Өөрийн улаан буудайг саравчинд овоолж, харин хивэг хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.
13 Тэгээд Есүс Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд түүн дээр ирэв.
14 Харин Иохан—Би Танаар баптисм хүртэх учиртай байтал Та над уруу ирнэ үү? гээд, Түүнийг болиулахыг оролдтол,
15 Есүс хариуд нь—Энэ удаад үүнийг зөвшөөр. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв.
16 Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав.
17 Тэнгэрээс—Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.