Матай

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


Бүлэг 4

1 1. Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв.
2 Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ.
3 Соригч ирээд, Түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв.
4 Гэвч Есүс—“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг гэж хэлэв.
5 Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод,
6 Түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доошоо үсэр. Учир нь“Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана.Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээТэд гар дээрээ Чамайг өргөн явна”гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв.
7 Есүс—“Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв.
8 Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлээд,—
9 Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд
10 Есүс—Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.
11 Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.
12 Есүс Иоханыг баривчлагдсаныг сонсоод, Галил уруу буцлаа.
13 Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурьшив.
14 Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд
15 «Иорданы чанад тэнгис хүрэх зам дээрх Зебулуны болоод Нафталийн нутаг,харь үндэстнүүдийн Галил,
16 харанхуйд суугч хүмүүс агуу их гэрлийг харж,үхлийн нутагт ба сүүдэрт суугчдын дээр гэрэл тусав»гэсэн юм.
17 Тэр цагаас эхлэн Есүс—Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв.
18 Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж.
19 Есүс тэдэнд—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв.
20 Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа.
21 Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав.
22 Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа.
23 Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.
24 Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.
25 Галил, Декаполис, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олон хүн Түүнийг дагалаа.