Дуулал
Psalm 20
Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай!Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай! 
2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,Сионоос чамайг түших болтугай! 
3 Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж,Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай!Села 
4 Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай! 
5 Бид чиний ялалтад баярлан дуулж,Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно.ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай! 
6 ЭЗЭН Өөрийн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ.Тэр баруун гарынхаа аврах хүчээр,Өөрийн ариун тэнгэрээс түүнд хариулах болно. 
7 Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг.Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно. 
8 Тэд бөхийн унацгаасан,Харин бид босоцгоож, цэх шулуун зогсоцгоосон. 
9 ЭЗЭН, авраач!Бидний дуудах өдөрт Хаан бидэнд хариулах болтугай!